ТӨВ: Урьдчилан сэргийлэх үзлэгээр илүүдэл жинтэй болон архаг бронхиттой иргэд их илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт 2024 онд 2408 иргэн хамрагдсан байна. Үүнээс илүүдэл жинтэй 1689 иргэн, архаг бронхиттой 1305 иргэн байна.
Урьдчилан сэргийлэх үзлэгээр давхардсан тоогоор хамгийн их илэрсэн өвчлөлийг авч үзвэл, 40-өөс дээш насанд бамбай булчирхайн уйланхай болон зангилаат өөрчлөлт 786 иргэнээс, бамбайн уйланхай 657 иргэнээс, С вирусний халдвар 568 иргэнээс тус тус илэрсэн байна.
Цаашлаад, артерийн даралт ихсэх өвчин 526, В вирус халдвар 459, түрүү булчирхайн томрол 450, цөсний чулуу 412, тэмбүү 361, элэгний эхо өөрчлөлт 325, улаан хоолойн үрэвсэл 308, цусан дахь сахрын хэмжээ ихэссэн 308, элэгний гемангиома 306, чихрийн шижингийн урьдал үе 269, бөөрний үрэвсэл 206, ходоодны өнгөц үрэвсэл 201 иргэнээс тус тус илэрсэн байна.
Хавдар болж хүндэрсэн байдалтай нийт 4 иргэн байсан бөгөөд ходоодны хавдар 2, элэгний хавдар 2 иргэнээс илэрчээ.
Тодруулбал, нийт 38 төрлийн өвчинөөс давхцсан тоогоор 10925 өвчлөл илэрснийг тухай бүрд нь эмчилж, зөвлөгөө өгсөн байна.
Огт илрээгүй өвчинд
умайн хүзүүний хавдар, улаан хоолойн ургацаг, ДОХ байв.