Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-12-26 15:26:05

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ.


Тэрбээр, өнгөрснийг дүгнэж, эдийн засгийн тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх зорилго бүхий “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг улс төрийн намууд зөвшилцөж, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран боловсруулж, УИХ баталсан билээ. Бодлого, засаглал тогтворгүй, эрх зүйн орчин ойлгомжгүй, хөрөнгө оруулагчдад хэлсэндээ хүрдэггүй, том төслүүдээ улс төржин гацаадаг гэсэн нэршил “Монголын за андгай буй заа” хэмээн ирсэн та бидний язгуурын философиос нэлээдгүй зөрсөн нь нууц биш юм. Сайтар судалсны үндсэн дээр улс төрийн намууд зөвшилцөн 2023 онд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ баталж, 126 гишүүнтэй шинэ парламент холимог тогтолцоогоор бүрдэж, Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулж, 14 мега төсөлд гол анхаарлаа төвлөрүүлж эхлээд 100 хонож байна.
 

Олон жил гацсан мега төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, гацсан шалтгаануудад дүн шинжилгээ хийж, гадаад талдаа улс орнуудын тогтолцоо, эрх зүйн ялгаатай байдал, дотоод талдаа  намууд хоорондын үзэл санаа болон мэдээллийн ялгаатай байдлыг цэгцэлж, нэгдсэн ойлголтод хүрэхэд Засгийн газар бүхий л боломжоо дайчлан ажиллаж, эхнээсээ үр дүнд хүрч эхэлж байна.


Хөгжлийн мега төслүүд гацсан шалтгаан нь олон улсын геополитик нөхцөл байдал, тусгай албадын шууд, шууд бус нөлөөлөл, эдийн засгийн төслүүдэд эрх ашгаа шингээхийг хүссэн улс төр, эрх ашгийн хил дамнасан бүлэглэл, дээрх нөлөөллөөс үүдэлтэй их хэмжээний санхүүжилттэй улс төрийн зорилтот акц юм. Эдгээр гурван нөлөөллийг УИХ, Засгийн газар даахгүй явсаар ирсэн нь үнэн. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Ажлын хэсэгт орсон төрийн албан хаагчдын аюулгүй байдалд заналхийлэл учирсан баримт ч олон бий. Сонгуулийн холимог тогтолцоо, түүнээс бүрдсэн хамтарсан Засгийн газар ийм нөхцөл байдлыг даван гарч, улс орныхоо хөгжлийн түүхийг эхлүүлж чадсаныг дэлхийн улс орнуудын түүх нотолдог. Олон нийт ч ийм хүлээлттэй байна.


УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,


Засгийн газар 100 хоногт багтаж, 11 дүгээр сарын 5-ны өдөр Шанхай хотод 14 мега төслийн нэг болох 1964 оноос хойш ярьсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, 253 сая ам.долларын санхүүжилтийг эцэслэн шийдэж, ирэх хавар бүтээн байгуулалтаа эхлэхэд бэлэн болсныг дуулгахад таатай байна.

 
34 жил шийдэж чадаагүй эрчим хүчний үнэ чөлөөлөхийг зориг гарган шийдсэнээр эдийн засгийн алдагдалтай байсан эрчим хүчний төслүүд гацаанаас гарч, төр, хувийн хэвшлийн түншлэлээр Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг мөн ашиглалтад оруулж чадлаа. Энэ шийдвэр өнөөдөр хүнд ч, ирээдүйд эрчээ алдсан эрчим хүчний салбарыг сэргээх түүхэн шийдвэрийн нэг гэдэгт эргэлзэхгүй байна. Ийм шийдвэрийг гагцхүү холимог тогтолцоогоор бүрдсэн парламенттай үед, хамтарсан Засгийн газар л шийдэж чадах билээ.
 
Ерөнхий сайдын булангийн орнуудад энэ сард хийсэн айлчлалаар үнэ чөлөөлсөн шийдвэр, сэргээгдэх эрчим хүчний экспортын хэлцлийг улс орнуудтай хийж чадвал эрчим хүчний томоохон мега төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг Монголд хийхэд бэлэн байгаагаа булангийн орнуудын Засгийн газар, Баялгийн сангууд албан ёсоор илэрхийлсэн. Тиймээс шинэ тогтолцоонд шилжсэн эхний үр дүн гарч, эдийн засагт  эерэг нөлөө үзүүлж эхэлж байна гэж Ерөнхий сайдын хувьд дүгнэж байна.
 
Он солигдох дөхөж буй энэ үед 2024 оны эдийн засгийн макро үзүүлэлтийг Засгийн газар өнгөрсөн хуралдаанаар дүгнэсэн. Урьдчилсан байдлаар эдийн засгийн өсөлт 5 хувьтай, валютын нөөц 5.1 тэрбум ам.доллар, экспортын орлого 16.1 тэрбум ам.долларт хүрч, нүүрсний хэмжээ 84 сая тонн буюу одоо байгаа олборлолт, дэд бүтцийн хүчин чадлын түүхэн дээд амжилтад хүрлээ. Гадаад өрийн дарамтууд буурч, зээлжих зэрэглэл олон улсад сайжирлаа. 
 
Харин импорт даган нэмэгдэж 11.2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авсны 42.5 хувийг автомашин бүрдүүлж байгаад дүгнэлт хийх учиртай. Энэ агуулгаар Засгийн газар 2025 оныг бүхэлд нь нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарласан.
 
Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэж заасны дагуу Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн мэдүүлснээр УИХ 2024 оны 4 дүгээр сарын 19-нд баталсан.

Энэ сарын 20-ны өдрийн байдлаар дүгнэхэд, Ирээдүйн өв сан 4 их наяд, Хуримталын сан буюу иргэдийн хадгаламж 495 тэрбум буюу иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж үүсэж, Хөгжлийн санд 240 тэрбум төгрөг төвлөрсөн байгаа нь хууль хэрэгжиж эхлээд 8 сар өнгөрсөн гэхэд чамлахааргүй үзүүлэлт юм.  


Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн ордуудын 34 хувь, түүнтэй дүйцүүлэх өгөөжийг иргэд боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа бэлэн бусаар захиран зарцуулах, ногдол ашгийн хувийг бэлэн мөнгөөр авах эсвэл Хуримтлалын сангийн хадгаламждаа хийх, Хөгжлийн санд хандивлах зэрэг зохицуулалт нээгдэж байгаа. Баялгийн өгөөжийг төсөл тус бүрээр E-Mongolia-гаар дамжуулан иргэд хянах боломж бүрдлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрэх тооцоололтой байна.
 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Эдгээр тоог тогтвортой өсгөхөд гацсан мега төслүүдээ хөдөлгөхөөс өөр сонголт Монгол Улсад байхгүй ээ. Шинэ төсөл ярих ёс зүйн эрх авахын тулд өнгөрсөн алдаагаа засахаас өөр сонголт бидэнд байхгүй ээ. 

Засгийн газраас 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох бүтээн байгуулалтын гэрээ байгуулахад баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Монгол Улс, Франц улс хамтран “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдох УИХ-ын тогтоолын төслийг хамтад нь өргөн барьж байна. 


  

Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Франц Улсад 2023 оны аравдугаар сард хийсэн төрийн айлчлал Монгол Улсын Засгийн газар, “Орано Майнинг” компани хооронд олон жил ярьсан энэ төсөл урагшлахад томоохон түлхэц болсон. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг баталбал Оюутолгой төслөөс хойш 3 дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх 2 дахь хөрөнгө оруулалтын гэрээ болох бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлнэ.

 
Оюутолгой төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож байгаа. Үлдсэн 24 хувийг Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-аар орлуулан тооцож байгаа нь ногдол ашиг хүлээх, нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэж эхлэх боломж бүрдүүлснээрээ ач холбогдолтой.
 
Цөмийн энергийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр энэ төслийн талаар УИХ дэлгэрэнгүй ярьсан тул, Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох бүтээн байгуулалтын хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн талаар илүү төвлөрч ярья.
 
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор боомтын  хүчин чадал 2 дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн хүчин чадалтай болно. Бид 16 жилийн өмнө энэ төмөр замын төслийг хэрэгжүүлж чадсан бол өнөөдөр утаа, түгжрэл ярих шаардлагагүй байлаа. Ирээдүйд ийм боломжийг алдахгүйн тулд хэсэг хүмүүсийн эрх ашгийг давж нийтийн эрх ашгийг төлөө энэ төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай. УИХ, Засгийн газар хоорондын гэрээг хэлэлцэн баталсан тохиолдолд Засгийн газар ирэх хавар энэ бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломжтой.
 
Төсөл хэрэгжсэнээр Замын-Үүд-Эрээн хилийн боомт төмөр замаар холбогдсоноос хойш 70 жилийн дараа өмнөд хөрштэй төмөр замаар холбогдох хилийн хоёр дахь боомт ашиглалтад орох бөгөөд Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүн хатавч, Ханги-Мандалын боомтууд холбогдож, эрчим хүчний экспорт, нүүрс гүн боловсруулах үйлдвэрийн ажил эхлэх зэрэг боломж бүрдэж ДНБ-ийг 2028 онд 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд шийдэл болох болно.
 
Цаг хугацааны цаглабарын хувьд энэ төсөл 2003 оноос эхлэн харилцан санал солилцож, 2008 оноос албан ёсоор яригдаж, өнгөрсөн 16-20 жилд 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийж, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр зөвлөмж, УИХ-ын 5, Засгийн газрын 45 тогтоол гарч, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг таван удаа олгож, дөрвөн удаа цуцалж байв. 


Товч дүгнэхэд, эдгээр хэлэлцээр хоёр улсын Засгийн газрын хооронд хийх хэлэлцээрт гуравдагч этгээдийг оруулах, Эрдэнэс Тавантолгойн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, хувь эзэмших, Тавантолгойн орд, төмөр замын эзэмшил 49:17:17:17 байх зэрэг асуудлыг оруулснаас шалтгаалж, гацаад байгаа.


Мөн төмөр зам тавигдах нь жижиглэнгээр нүүрсний худалдаа хийдэг зарим компани, Тавантолгойн өрсөлдөгч аж ахуйн нэгжүүдийн эрх ашигт нөлөөлнө гэж үзсэнээр улс төрд томоохон хэмжээний эсрэг блок үүсгэж, улс төрч, олон нийтийн нөлөөлөгчдөд эдийн засгийн хувьд нөлөөлсөөр ирсэн нь нууц биш юм. Хэлэлцээр хийж байх үед ч энэ асуудал Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэх, Эрдэнэтийн 49 хувийн санхүүгийн схемийг ил болгох, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг зарлах асуудал УИХ-д танилцуулахын өмнө болсон түүх хэрхэн давтагдаж байгааг Та бүхэн харж байгаа биз ээ.
 
Энэ оны наймдугаар сарын 21-нд хоёр улсын төрийн тэргүүнийг байлцуулан зурсан Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын санхүүжилтийн гэрээнд үндэслэн Хятадын Ганцмод хилийн боомт талын бүтээн байгуулалт 2015 оны 1 дүгээр сард ашиглалтад орж, манай улсын Гашуунсухайт талын бүтээн байгуулалт гацсанаас шалтгаалж, эдийн засгийн алдагдал, алдагдсан боломжийн өртөг болон бусад хилийн боомт холбогдохгүй байх харилцааны асуудал үүссэн байна.
 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд үүссэн эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд энэхүү тогтоолын төслийг өргөн барьж байна.
 
            1/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Улс, БНХАУ-ын хооронд төрийн дээд, өндөр түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талын оролцоогүйгээр хэрэгжүүлэх;
 
            2/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын эдийн засгийн үр ашгийг хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэх гурван асуудлыг харилцан уялдаатай цогц байдлаар хамтад нь шийдэх;
 
            3/ Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэх хамтын ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх;
 
            4/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох;
 
            5/ Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн хүчин чадал, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй байх;
 
            6/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг байгуулахад өргөн, нарийн царигийн аливаа маргаан дахин үүсэхгүйг бататгах буюу Монголын тал өргөн, Хятадын нарийн царигаар баригдаж, зөвхөн хил холболтын зорилгоор цариг зөрөх;
 
            7/ Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад “Нэг зураг төсөлтэй, нэг гүйцэтгэгчтэй, бүтээн байгуулалтыг зэрэг эхлүүлж, зэрэг дуусгах” зарчим баримтлах;
 
            8/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих, түүнийг холбох бүтээн байгуулалтын төслийн ажлыг Хятадын талын сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээр төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг гүйцэтгүүлэн хамтран ажиллах, бүтээн байгуулалтад үндэсний компаниудаа оролцуулах боломжийг хангах;
 
            9/ БНХАУ-ын хил доторх Ганцмод боомт хүртэл баригдсан төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж өнгөрсөн хугацаанд Хятадын талд гарсан аливаа алдагдал, хохирол болон төмөр замын хил холболтод шаардлагатай хөрөнгө оруулалтыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байх;
 
            10/ Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтыг төмөр замаар холбох ажлыг үе шаттай эхлүүлэх тохиролцоонд хүрэх;
 
            11/ Сэргээгдэх эрчим хүчний экспорт, эрчим хүчний нүүрс экспортлох, нүүрсийг гүн боловсруулах аж үйлдвэржилт, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх, хил холболт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон сууцжуулалт зэрэг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг харилцан ашигтай, хувилбарт шийдэл бүхий холбогдох гэрээг 16 жилийн хугацаатай байгуулж хамтран ажиллах зэрэг болно.
 
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдэж өгөхийг хүсье” гэжээ.

相关新闻