Мэргэжлийн сургуулийн 60 төгсөгч ажлын байрны урилга хүлээн авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Судалгаагаар хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилчдын эрэлт, хэрэгцээ өндөр байна. Энэ хандлага хөдөлмөрийн зах зээлд хадгалагдсаар байгааг ажил олгогч нар болон МСҮТ-ийн багш, мэргэжилтнүүд хэлж байна.
Мэргэжилтэй ажилчид дунд гагнуурчин,
мужаан, цахилгаанчин, сэргээгдэх эрчим хүч, авто машины засварчин, оёдол,
сүлжих, ээрэх, арьс ширний үйлдвэрлэлд ажиллах хүчний эрэлт тэргүүлж байна. Энэ
талаар Монгол-Солонгосын Политехник коллежоос өчигдөр зохион байгуулсан “Job
Fair 2024” ажлын байрны өдөрлөгийн үеэр мэдээллээ.
Тус сургуулийг 2024-2025
оны хичээлийн жилийн өвлийн төгсөлтөөр гагнуурчин, мужаан, цахилгаанчин,
сэргээгдэх эрчим хүч, авто машины засварчин, оёдол, сүлжих, арьс шир, хэвлэлийн
график дизайн зэрэг 13 мэргэжлээр 425 залуус суралцаж, мэргэжлийн дипломоо
гардан аваад байна. Улмаар 60 гаруй төгсөгч “Говь”, “Кашмер холдинг”, “Гоёл
кашмер”, “Вест шүүс”, “Говь эрдэнэ кашмер”, “Улаанбаатар хивс”, “Санширо”, “Өнгөт
сор” зэрэг компаниас ажлын урилга гардаж авлаа. 200 төгсөгч ажил олгогч нараас
танилцуулсан 500 ажлын байранд бүртгүүлж, анкет бөглөөд байна.
Монгол-Солонгосын
Политехник коллеж төгсөгчдөдөө “Ажлын байр ба харилцаа” сэдвээр сургалт орж, суралцагчдынхаа үзэсгэлэнг дэлгэсэн нь онцлог
байлаа.
Төгсөгчдийг ажлын байранд шууд
зуучлах зорилгоор зохион байгуулсан “Job Fair 2024” өдөрлөгт нийслэлийн Хөдөлмөр,
халамжийн газар, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс,
Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбоо, “Говь”, “Кашмер холдинг”, АПУ, “Вест
шүүс”, “Энержи комплекс” зэрэг компанийн
35 ажил олгогч оролцлоо.