Засгийн газрын гишүүд баяр, амралтын өдрүүдэд ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга С.Одонтуяа, Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан нар өнөөдөр агаарын бохирдлын асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Утаа, түлш зэрэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар шуурхай мэдээлэл солилцох, эдгээртэй холбоотой шийдвэрийг цаг алдалгүй гаргах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зорилгоор Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулав. Мөн нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүдийг бэлэн байдалд ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний
хорооноос эрдэмтдийн зөвлөлийг байгуулж, шийдлийг танилцуулах, сайжруулсан
шахмал түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх, машинаас
агаарын чанарт үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах, Евро-5 шатахуун, дулаалгын
шийдлүүд зэрэг тулгамдсан асуудлаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах аж.
“Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшний чанарыг
сайжруулах туршилт хийж, туршилтын дээжийг гадаад орны итгэмжлэгдсэн
лабораторид шинжлүүлэх, яндангүй бүсийн хил хязгаарыг тогтоож, хийн болон давхар шаталтат зууханд
хамруулах айл өрхийн тоо, зураглалыг гаргаж дэд бүтцийн бэлтгэл ажлыг
яаралтай эхлүүлэх, сургуулийн амралт эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшингийн дулаан алдагдлыг
багасгах, цахилгаан эрчим хүч, галлагааны горимыг баримталж, угаарын хий
мэдрэгчийг унтраахгүй байх талаар зөвлөмж сэрэмжлүүлэг тараахаар боллоо. Түүнчлэн Улаанбаатар хотын 2019-2020 оныхтой харьцуулсан хэмжилтээр агаарын бохирдол
ихэссэн шалтгаан нөхцөлийг тодорхойлох ажлын хүрээнд шахмал түлшний
барьцалдуулагч, мидлингэд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулж
батлуулах зэрэг ажлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.