Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Улаанбаатар хотын Туулын хурдны замын төслийн явцын талаар танилцууллаа.
Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрх гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ. Орц гарц цөөнтэй, хотын замтай нэг түвшинд огтлолцохгүй, замын хөдөлгөөнд саад учруулахгүй, зорчих хурд 80-100 км/ц, Улаанбаатар хотыг тойрон гарах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр Азийн авто замын сүлжээг нэмэгдүүлэх юм.
Энэ сард Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендер зарлаж, гуравдугаар
сараас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ хэмээн танилцуулсан гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.