ДЦС III ТӨХК-ийн өргөтгөл шинэчлэлийн зураг төслийг “Интер РАО экспорт” компани гүйцэтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-01-03 16:53:56

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 26-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.


Хууль санаачлагчийн илтгэлийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Тэрбээр “Дулааны III цахилгаан станц ТӨК-ийн 48 мВт-ын хүчин чадалтай дунд даралтын хэсэг 1968-1975 онд, 100 мВт-ын хүчин чадалтай өндөр даралтын хэсэг 1976-1981 онд ашиглалтад орж, 2014 онд 50мвВт-ын хүчин чадалтай труба генератораар өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 198 мВтдулаанаар 585 гига килокалори/цаг хүрсэн. Өдгөө 56 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус станц Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний горимын хувьд хамгийн оновчтой байршилд байрладаг. Нийслэлийн дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг тус тус хангадаг. Өвлийн улиралд ДЦС-ууд бэлтгэл тоноглолгүй ажиллаж байгаа нь тус станцын хувьд техникийн гэмтэл саатлаас шалтгаалан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй. Эрсдэлийг бууруулахын тулд станцыг ойрын хугацаанд өргөтгөн шинэчлэх шаардлагатай” гэв.


Засгийн газар тус станцыг хоёр үе шаттай өргөтгөхөөр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан бөгөөд эхний үе шатанд цахилгаанаар 50 мВт-ын, дулаанаар 100 гига килокалори/цаг хүчин чадалтай ДЦС шинээр барих, хоёрдугаар үе шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 мВт-ын станцыг буулгаж суурин дээр нь цахилгаанаар 250 мВт-ын, дулаанаар 400 гига килокалори/цаг хүчин чадалтай ДЦС барих төслийн зургийн ажлыг гүйцэтгэх юм.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 онд ОХУ-д хийсэн айлчлалын үеэр ДЦС III ТӨХК болон Интер Ровэ экспорт компани хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлжээ. Интер РАО экспорт компани төслийн ТЭЗҮ-ийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, 2022 оны есдүгээр сард ДЦС III” ТӨХК-д хүлээлгэн өгсөн байна. Төслийн нийт төсөвт өртөг болон барилга угсралтын ажлын хугацааг бодитоор тодорхойлохын тулд эхний ээлжид Эрчим хүчний яамнаас “Дулааны III цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж харилцан зөвшилцжээ. Монгол Улсын Засгийн газар энэ оны наймдугаар сард хэлэлцээрийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын, Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороотой зөвшилцсөн бөгөөд Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Ерөнхий сайдын 48 дугаар захирамжаар уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайдад олгосны дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр буюу 2024 оны есдүгээр сарын 3-нд гарын үсэг зурсан юм. Хэлэлцээрт төслийн зураг төсөл боловсруулах инженерийн судалгаа шинжилгээ явуулах ажлын цар хүрээ, ерөнхий нөхцөлийг тодорхойлж, захиалагчаар ДЦС III ТӨХК, гүйцэтгэгчээр ОХУ-ын Интер РОА экспорт компанийг томилох асуудлыг тус тус зохицуулахаар тусгасан байна.


Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Үүний дараа Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталсанд тооцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

相关新闻