ДАРХАН-УУЛ: Төв номын сан харааны бэрхшээлтэй иргэдэд “Сонсдог номын сан” үйлчилгээ үзүүлж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Харааны бэрхшээлтэй иргэдийг нийтийн номын сангаар үйлчлүүлэх боломжийг нээж сонсдог номын сан үйлчилгээг нэвтрүүллээ.
Дархан сумын ОНХС-гийн 59 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан компьютер, принтер, тусгай программ бүхий техник, тоног төхөөрөмжийг аймгийн төв номын санд хүлээлгэн өгөв.
Аймгийн хэмжээнд 500 гаруй харааны бэрхшээлтэй иргэн байдгаас 100 орчим иргэн 80 хувиас дээш харах хувиа алдсан бол бусад нь сул гэсэн оноштой байдаг байна. Эдгээр иргэдээс төв номын санд сул харааны бэрхшээлтэй 7, хөгжлийн бэрхшээлтэй 17 иргэн тогтмол үйлчлүүлдэг гэж аймгийн төв номын сангийн эрхлэгч Б.Цэцэгсүрэн онцолж байна.
Мөн харааны бэрхшээлтэй уншигчдад зориулсан технологийн шийдлүүдийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн анхны сум болж байна. Уг программуудыг судалж, нутагшуулсан хүн нь Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн Мэдээлэл технологийн ажилтан М.Цэнгэл юм. Тэрбээр 2002 онд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан компьютерын дэлгэц уншигч программын хамгийн анхны хэрэглэгч болж байжээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийг төгссөн бөгөөд дээд ангийнхаа сул хараатай төгсөгчтэйгөө хамтран харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл харилцааны технологийг Монголд анх санаачлан, хөгжүүлж эхэлсэн нь ийнхүү орон нутгийн иргэдэд унших, мэдрэх боломжийг өгч байна гэв.
Өмнө нь харааны бэрхшээлтэй иргэд томруулдаг шил, тусгай таблет ашигладаг байсан бол одоо сонсох боломжтойгоос гадна бичвэрийг брайл үсгээр хэвлэх хэвлэгч болсноор унших боломж бүрдэж байна.
Харин харааны бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдсан нэг асуудал нь брайл үсэг мэддэг арав орчим хүн байдгаас ихэнх нь тусгай сургуулийн сурагчид аж. Тиймээс брайл үсгийн сургалтыг зохион байгуулах, түүгээр дамжуулах сонсдог номын сангийн үйлчилгээг өргөжүүлэх шаардлага үүсэж байна гэдгийг ч тодотгож байлаа.
Нөгөөтээгүүр брайл үсэгтэй ном, зохиолууд өртөг өндөр учир худалдан авах боломж хомс, жилдээ 2.5 сая төгрөгийн номын баяжилт хийх төсөвтэй төв номын сангийн тухайд одоогоор брайл үсэгтэй ном, товхимол байдаггүй гэв.
Мэдээлэл технологийн ажилтан М.Цэнгэл: Дархан-Уул аймгийн Төв номын сан нь үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг хангах хүрээнд “Соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг Дархан сумын Засаг даргын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буйд талархаж байгаагаа илэрхийллээ.