Оюутан бөхчүүд ДАШТ-д хүч үзэхээр Туркийг зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТТурк улсын Чорум хотноо энэ сарын 25-30-нд болох эрэгтэй ХII, эмэгтэй IХ дэх удаагийн оюутны ДАШТ-д оролцох манай баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.
Энэ тэмцээнд 34 орны 800 орчим оюутан бөх оролцох мэдүүлгээ өгсөн байна. Тэмцээн 10 дугаар сарын 25-ны мягмар гарагт эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 97 кг, 26-ны лхагва гарагт 61, 70, 86, 125 кг, 27-нд эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 60, 69 кг, 28-нд 53, 58, 63, 75 кг жингийн барилдаан тус тус болно.
Энэ удаа манай багийн бүрэлдэхүүнд эрэгтэй 61 кг-д Д.Балжинням /ҮБТДС, СДМ/, 74 кг-д З.Сумьяабазар /ҮБТДС, СМ/, эмэгтэй 60 кг-д Э.Гантуяа /”Хилчин” спорт хороо, МҮИС, ОУХМ/, 69 кг-д Болортунгалаг /”Хилчин” МҮИС, ОУХМ/, 75 кг-д Б.Даваацэрэн /ҮБТДС, СМ/ нар хүч үзэх бол дасгалжуулагчаар Ц.Баярсайхан /ҮБТДС-ийн багш, оюутны шигшээ багийн ахлах дасгалжуулагч/, шүүгчээр Б.Төмөрбаатар /Олон улсын шүүгч/ тус тус ажиллана.
ДОАШТ өмнө нь Турк улсад 1998 онд Анкара, 2005 онд Измир хотод тус тус болж байв. Олон улсын оюутны спортын холбоо/FISU/-ны ивээл дор хоёр жил тутам зохион байгуулдаг уг тэмцээнээс манай бөхчүүд эрэгтэй чөлөөт бөхийн төрлөөр 4 алт, 1 мөнгө, 6 хүрэл, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр 5 алт, 2 мөнгө, 1 хүрэл, сонгомол барилдааны төрлөөр 1 алт нийт 20 медаль хүртээд байна.
Тухайлбал, эрэгтэй чөлөөт бөхийн төрлөөр Б.Наранбаатар, Д.Лхагвадорж, Б.Батзориг, Т.Түвшинтулга, эмэгтэйд Ц.Энхжаргал, Ю.Гандолгор, О.Бурмаа, Н.Отгонжаргал, Г.Наранчимэг нар оюутны дэлхийн аварга болсон юм.
Д.Өлзий