ДУНДГОВЬ: Өсвөрийн волейболын аймгийн аваргууд тодров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ![](/files/67987b6cd281e.jpeg)
Мандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Өсвөрийн волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг
жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээнийг 1 дүгээр сарын
25-27-нд Мандалговь суманд зохион байгуулж, гурван клуб, найман сум, таван
сургуулийн 30 багийн 300 гаруй залуу тамирчин оролцлоо.
Тэмцээний эмэгтэй төрөлд Эрдмийн далай сургуулийн баг
түрүүлж, Гурвансайхан, Өндөршил сумын багууд удаалсан бол эрэгтэй төрөлд Цэгц
билиг сургуулийн баг түрүүлж, Эрдмийн далай сургуулийн 2 баг удаалжээ.
Багийн нийлбэр дүнгээр Эрдмийн далай сургууль тэргүүн
байр, Цэгц билиг сургууль хоёрдугаар, Гурвансайхан сумын сургуулийн баг
гуравдугаар байрт шалгарсан байна.
Тэмцээний үеэр шилдэг тамирчдыг шалгаруулахад, Өндөршил
сумын тамирчин Б.Цэнд-Аюуш, Эрдмийн далай сургуулийн тамирчин Т.Баянмөнх нар “Шилдэг
довтлогч”, Эрдмийн далай сургуулийн тамирчин Т.Монгол-Эрдэнэ, Цагаандэлгэр
сумын тамирчин Э.Эрдэнэ-Очир нар “Шилдэг хаагч”, Цэгц билиг сургуулийн тамирчин
Д.Ану, Ш.Төгөлдөр нар “Шилдэг холбогч”, Гурвансайхан сумын тамирчин Д.Энхзаяа,
Эрхэм клубын тамирчин А.Энхбаяр нар “Шилдэг хамгаалагч”, Эрдмийн далай
сургуулийн тамирчин Б.Цэрэнлхам, Цэгц билиг сургуулийн тамирчин Г.Бямбадорж нар
“Шилдэг тоглогч”-оор шалгарчээ.
Тэмцээнд оролцогчдоос шилдэг тамирчдын эрэгтэй, эмэгтэй 2
баг бүрдүүлсэн ба шигшээ багууд 2025 оны 2 дугаар сарын 10-нд зохион байгуулах Өсвөрийн улсын
аварга шалгаруулах тэмцээнд аймгаас оролцох юм.
Ташрамд, 2024 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Дундговь аймгийн эмэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.