ДУНДГОВЬ: Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг танилцуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хороо, Ёс зүй, дэгийн
байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд Дундговь аймагт ажиллав.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хууль, зүйн байнгын хорооны
дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга
Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд,
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Б.Заяабал, М.Нарантуяа нар Хүний эрхийн аяныг тус
аймгаас ийнхүү эхэлжээ.
Гишүүд аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж, аймгийн Прокурор, Шүүх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөр орж, орон нутгийн хүний эрхийн нөхцөл байдалтай танилцсан юм. Мөн түүнчлэн аймгийн иргэдтэй уулзалт хийж, Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг танилцуулж, энэ чиглэлээр иргэдийн санал бодлыг сонссон.
2024 онд Дундговь аймгийн Хүний эрхийн үндэсний комисст хүний хөдөлмөрлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй холбоотой 3 дуудлага, мэдээлэл иржээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад хоёроор бага байна. Тус аймгийн хэмжээнд хөрсний усыг хамгаалах болон цэвэр усаар хангагдах эрх, зам тээврийн ослоос үүдсэн хүний эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрх, тэгш хүртээмжтэй үйлчлүүлэх эрх зөрчигдөж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөгч Т.Баярцэцэг уулзалтын үеэр онцолсон.
Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн
төслийг үргэлжлүүлэн салбар салбараар танилцуулан хэлэлцүүлж, саналыг нэгтгэн
хүргүүлэх талаар аймгийн удирдлагуудад уулзалтын үеэр чиглэл болголоо.