СЭЛЭНГЭ: Төрийн үйлчилгээг орон зайнаас үл хамааран түргэн шуурхай авах боломж бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-29 10:55:47

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн удирдлагын баг төрийн үйлчилгээг ард иргэддээ хөнгөн шуурхай хүргэх, цахимжуулалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс үе шаттай ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

 

Тодруулбал Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас зохион байгуулж байгаа Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн лавлагаа, тодорхойлолтын үйлчилгээг хувийн хэвшлийн киоск машинаар олгох ажил Сэлэнгэ аймагт эхлээд байна.

 

Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг тус бүрд 5 ширхэг машин олгохоор шийдвэрлэсний дагуу эхний ээлжийн киоск машинууд хуваарийн дагуу аймгуудад очиж байгаа юм.

 

Сэлэнгэ аймагт ирсэн эхний 3 машиныг Сүхбаатар, Алтанбулаг, Зүүнбүрэн суманд аймгийн Засаг дарга гардуулан өглөө.

 

Алтанбулаг, Зүүнбүрэн суманд өгсөн киоск машин нь энгийн, харин Сүхбаатар сумынх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг үзүүлдэг гэдгээрээ давуу юм.

 

Цаашид 2025 оны аймаг орон нутгийн төсөвт 11 сумыг киоск машинтай болгохоор аймгийн удирдлагын баг шийдвэрлэж, төсөвтөө тусгажээ.

 

Ингэснээр төрийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.

 

Киоск дээр төрийн 60 орчим байгууллагын 600 гаруй үйлчилгээ байдаг бөгөөд, төрийн төлбөртэй үйлчилгээнүүдийн төлбөрийг иргэн өөрөө түргэн шуурхай тушаах боломжтой юм.

 

Мөн Төрийн банк, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран байгуулсан санамж бичгийн хүрээнд иргэд Төрийн банкны салбар нэгжүүдэд байрлах киоск машинаас төрийн 12 байгууллагын 66 төрлийн лавлагаа мэдээлэл, тодорхойлолтыг үнэ төлбөргүй авах боломжтой болж байна.

 

 

相关新闻