Атрын IV аяныг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-29 12:09:15

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов.


Хуралдаанаар хаврын морины уралдаан, үндэсний баяр наадмын амралт, газрын тосны салбар дахь бүтээгдэхүүн хуваах стандарт гэрээ болон эрх зүйн орчныг сайжруулах зэрэг 35 асуудлыг хэлэлцжээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор махны үнэ нэмэгдэж байна. Энэ үнийн өсөлтийг буулгах, үнийг тогтвортой барих зорилгоор экспортоор гаргаж буй махыг тодорхой хэмжээнд хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Ирэх зургаадугаар сарын 1 хүртэл бэлтгэсэн махаа дотоодын зах зээлд нийлүүлнэ. Ашиг шимт 200 мянган толгой үхэр сүргийн бүтцийг сайжруулахаар төлөвлөж байна. Ойролцоогоор 150 мянган үхрийг махны, 50 мянган үхрийг сүүний чиглэлээр ашиг шимт үхрийг импортлох, үр хөврөл шилжүүлэн суулгах замаар сайжруулахаар зорьж ажиллана.


Мөн Засгийн газраас Атрын дөрөвдүгээр аяныг зарлан, хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Аяныг ирэх сарын 1-нээс эхлүүлж, шинээр 200 мянган га талбайг эзэмшиж, тариалалтаа нэмэгдүүлнэЭнэ хүрээнд 2025 оны улсын төсөвт тодорхой хэмжээний төсөв тусгасан. Бүс нутгуудад ойн зориулалтын газар, үр сортын аж ахуйн нэгж байгуулах, дотооддоо улаан буудай болон төмс хүнсний ногоогоо тарьж, хэрэгцээгээ бүрэн хангах, тэжээлийн тарьмалыг эрс нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлийг хийх, дөрвөн улирал тасралтгүй нарийн ногоогоор хангах хүлэмжийн аж ахуйг дэмжихээр боллоо. Атрын дөрөвдүгээр аяны гол зорилго нь Монгол Улс дотооддоо 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хийж, үйлдвэрлэнэ” хэмээн ярилаа.


2025 оны хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 10 мянган тонн мах бэлтгэж, ирэх гуравдугаар сарын 20-ноос худалдаанд нийлүүлэхээр төлөвлөжээ. Мөн хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамж нийлүүлэлтийн зохиомол хомсдол үүсэх, үнийн хөөргөдөл бий болохоос урьдчилан сэргийлэх, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг таслан зогсоохыг Монополын эсрэг газар даалгасан байна. 

Түүнчлэн “Атар-4” аяны хүрээнд хөрс болон ургамал хамгаалал, үр сортын тогтолцооны шинэчлэл, тэжээл үйлдвэрлэл, кластер хоршоо, хадгалалт борлуулалт, тээвэр, логистик, инновац, техник технологи, зөвлөх үйлчилгээ, хүний нөөц, эрсдлийн менежмент, гадаад худалдаа зэрэг чиглэлээр багцлан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд ээлтэй тариалангийн үйлдвэрлэл”, “Бүсчилсэн хөгжил”, “Үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээ”, “Инноваци, технологи”, “Эрсдэлийн тогтолцоо, гадаад худалдаа” зэрэг таван зорилтын хүрээнд 60 ажил хэрэгжүүлэх аж. 

相关新闻