Боловсролын сайд Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагаатай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2025-01-29 16:18:30

Улаанбаатар,  2025 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. ШШГЕГ-ын харьяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага /СХТБ/-д Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны Тэгш хамран сургах боловсролын хэлтсийн дарга Г.Саранхүү нар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.


Тус байгууллага 2013 онд Сургалт явуулах тусгай зөвшөөрөл авснаар хүүхдүүдэд бүрэн дунд боловсрол олгох болжээ. Энэ хичээлийн жилд 48 хүүхэд ерөнхий боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Барилга нь 2012 онд гарсан дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болж, 2020 онд ашиглалтыг зогсоох акт гарсан ч үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Өнгөрсөн оны есдүгээр сард улсын төсвийн хөрөнгөөр шинэ барилгын ажил нь эхэлж, 2026 онд ашиглалтад орох юм. Шинэ барилга ашиглалтад ормогц шаардлагатай ширээ сандал, техник, тоног төхөөрөмж зэргээр хангахад анхаарна гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ.

СХТБ-ын дарга, дэд хурандаа Ц.Баяртбаатар, “Манай байгууллагад анх удаа Боловсролын сайд зочилж байна. Бидний хүсэлтийг хүлээн авч, шинэ барилга ашиглалтад орж цахим танхимтай болмогц ширээ сандал, хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр хангахаар болсонд баяртай байна. Олон жил үр бүтээлтэй ажиллаж буй багш нарыг Засгийн газрын шагналаар шагнаж, сургуульд зөөврийн компьютер, таблет, хэрэгцээт сурах бичгүүдийг олгон, суралцагчидтай ярилцаж, тэдний хүсэл мөрөөдлийг сонссон нь хүүхдүүдэд урам зориг өгч, сэтгэл зүйн дэмжлэг боллоо” гэв.


Энэ үеэр сургалтын орчныг бүрдүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн, ном сурах бичгээр ханган, ахлах ангийн сурагчдыг цахим сургалтад хамруулах, мэргэжлийн боловсрол эзэмших, их сургуульд элсэн суралцахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ багш, хүний нөөцийг сургах, бэлтгэхэд нь хамтран ажиллахаар тогтов.


Ташрамд дурдахад, Кристина Ноблийн Хүүхдийн сан тус сургуультай нягт хамтран ажилладаг. Тус сангийн сургалт, үйлчилгээнд хамрагдсан хүүхдүүдээс 26 хувь нь их сургууль, коллежид элсэн, 33 хувь нь улирлын чанартай цагийн ажилд орж, 68 хувь нь чөлөөлөгдсөний дараах үйлчилгээ авчээ.






相关新闻