ДУНДГОВЬ:"Өнгөөр бүтсэн ид шид" үзэсгэлэн хүүхэд насны дурсамжаар аялуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Ид шидийн орон-Дундговь ХХХТ-ийн "Шидэт бийр" зургийн сургалтын хүүхдүүд "Өнгөөр бүтсэн ид шид" зургийн үзэсгэлэнгээ гаргажээ.
Үзэсгэлэнд "Шидэт бийр" зургийн сургалтын 20 хүүхдийн
130 бүтээлийг дэлгэжээ. "Шидэт бийр" зургийн сургалт 2022 оноос эхлэн
хичээллэж байгаа ба тус дугуйланд 100 гаруй хүүхэд суралцжээ.
Зургийн сургалт болон үзэсгэлэнгийн тухай Ид шидийн орон
ХХХТ-ийн зургийн багш Ж.Ёндонгоос тодруулахад, “Манай сургалтад одоо 25 хүүхэд
суралцаж байна. Улирал бүр элсэлт авдаг.
Манай хүүхдүүд хийсвэр болон алдартай уран зургуудын хуулбарыг зурах чадварт суралцаж байна. Хийсвэр гэдэг нь мөрөөдлийн сэдэв, жишээлбэл: миний мөрөөдөл, мөрөөдлийн машин, зүүд гэх мэт. Хийсвэр зураг нь чөлөөт сэтгэлгээний суурийг бэлдэх, чөлөөтэй сэтгэж зурах өнгөний сонголтыг өөрт нь бий болгох ач холбогдолтой бол хуулбар зураг зурснаар хүүхдийн зурах ур чадварыг хөгжүүлдэг.
Үзэсгэлэнд 20 хүүхдийн 130 бүтээлийг тавьсан. 1 дүгээр сарын
25-наас 2 дугаар сарын 2-ны өдөр хүртэл үзэсгэлэнгээ толилуулна”
гэлээ.
Ид шидийн орон ХХХТ-өөс насанд хүрэгчдийг хүүхэд насны дурсамжаар аялуулах, бяцхан үзэгчдийг найз нөхөд болон аав, ээжтэйгээ хөгжилдөх өртөөгөөр аялуулж, бүтээлийн худалдааг зохион байгуулж байгаа юм.