Олны танил хүмүүс хөлбөмбөгөөр өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд маргааш анх удаа “Оддын тоглолт” болох гэж байна.
Тодруулбал, футзалын лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд эхэлсэн энэ үеэр хөлбөмбөгийн хорхойтнууд, үзэгчид маань олны танил хүмүүсийн гал гарсан, сонирхолтой тоглолтыг сонирхох боломж бүрджээ. Энэ тоглолтыг Монголын хөлбөмбөгийн холбоо зохион анх удаа зохион байгуулж буй юм.
Оддын хөлбөмбөгийн нэгдүгээр багийг жүжигчин О.Анхсүх, Б.Атарболд, олон нийтэд “Хоронзон” нэрээрээ танил болсон залуу жүжигчин Н.Дөлгөөн, артист З.Батсанаа, хөлбөмбөгийн тамирчин Мизүхо Сасаки нар бүрдүүлжээ.
Тэгвэл хоёрдугаар багт жүжигчин Б.Буянтогтох, Э.Лувсанцэрэн, волейболын дээд лигийн 11 удаагийн аварга, 2024-2025 оны улирлын хүрэл медальт “Эрчим” багийн тоглогч Г.Хонгорзул, аялагч, “Манчестер Юнайтед” багийн фанат Б.Очирваань, реппер Н.Эрхэмбаяр нар багтсан байна.