Азийн өвлийн наадамд оролцох тамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн далбааг гардууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хятадын Харбин хотод Азийн өвлтийн IX наадам хөшгөө нээхэд ердөө дөрөвхөн хоног үлдлээ.
2017 оноос хойш найман жилийн дараа болж буйгаараа онцлогтой эл наадамд манай улсаас 35 тамирчин оролцох бөгөөд өнөөдөр Монголын шигшээ багийн тамирчдад хүндэтгэл үзүүлж, үдэн гаргах ёслол Монголын үндэсний олимпын хороонд боллоо. Үйл ажиллагаанд Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч, Азийн наадам оролцох Монголын багийн ахлагч Б. Жавхлан, УИХ, Засгийн газрын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Номин, БТСУХ-ны дарга О.Баттулга тэргүүтэй албаныхан болон тамирчид, дасгалжуулагчид оролцов.
Азийн IX наадамд өрсөлдөх Монголын багийн тугчаар олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах, Б.Гэрэлтуяа нарыг сонгосон байна. Б.Ачбадрахын хувьд гүйлтийн цанын “В” ангиллын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээс гадна хэдхэн хоногийн өмнө Солонгосын үндэсний аварга шалгаруулах нээлттэй тэмцээний аваргаар тодорсон юм. Тэрбээр 2018 болон 2022 оны өвлийн олимпод эх орноо төлөөлөн оролцохдоо нээлтийн ёслолд тугаа мандуулж байв. Тэгвэл Азийн наадамд анх удаа тугчийн үүрэг гүйцэтгэх нь ээ. Харин Б.Гэрэлтуяа гүйлтийн тэшүүрийн цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож, Дэлхийн цом болон ДАШТ-д өрсөлдөх эрхээ авсан байна.
Найман жил завсарласны эцэст эргэн ирж буй Азийн өвлийн наадамд манай улс уран гулгалт, кёрлинг төрөлд анх удаа тамирчнаа илгээв. Тодруулбал, уран гулгалтаар О.Мишээл, Г.Марал-Эрдэнэ, кёрлингоор Б.Баяр, Г.Энхзаяа эх орноо төлөөлөх юм. Кёрлингчид өдгөө Харбин хотод бэлтгэлээ базааж байгаа бөгөөд маргааш урьдчилсан шатны тоглолтоо эхлүүлэх ажээ.
Азийн наадамд оролцох Монголын багийн ахлагч Б.Жавхлан
“2017 оноос хойш найман жилийн дараа болж байгааг онцлох нь зүй ёсны хэрэг. Хятад
улс гурван жилийн өмнө Бээжин хотод өвлийн олимпыг өндөр хяналт дор, хариуцлагатайгаар
маш амжилттай зохион байгуулсан. Түүнээс хойш гурван жилийн дараа Азийн өвлийн
олимпыг Харбин хотдоо хүлээн авч байна. Монголд хамгийн ойр, хамгийн таатай
нөхцөлд манай баг өмнө амжилтаа давтах, цаашлаад ахиулах зорилготой. Зөвхөн
спорт гэлтгүй өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой учраас Засгийн
газраас энэ удаагийн Азийн өвлийн наадамд өндөр ач холбогдол өгснийг дурдах нь
зүйтэй болов уу. Нэг үеэ бодвол спортын хөгжил арай өөр түвшинд хүрсэн учраас
тамирчдадаа найдлага тавьж байна” гэв.
Харин ССАЖЗЯ-ны сайд Ч.Номин “Олон сар жил уйгагүй хөдөлмөрлөж, тэсвэр тэвчээр хатуужил, чанд сахилга бат, хүнд хэцүү бэлтгэлийнхээ үр дүнг хэдхэн секунд, долиор хэмжүүлж, эх орон, гэр бүл, ард түмнийхээ итгэл найдварыг чин зүрхэндээ тээдэг болохоор тамирчны алдар хямдхан олддоггүй. Монгол Улсын шигшээ багийн тамирчдын ард төр засаг, гэр бүл, спортын байгууллагууд, ард түмэн хамт зогсож байдаг. Та бүхэн удахгүй Монголынхоо гурван сая иргэний итгэл найдвар, хайр хүндлэлийг тээн өрсөлдөх болно. Ямар ч үр дүн гарсан та бүхэн бол Монголын ард түмний бахархал гэдгийг санаж яваарай” хэмээн онцоллоо.
Тэгвэл Монголын багийн тугч Б.Ачбадрах “Азийн өвлийн наадамд анх удаа тугчаар сонгогдсондоо баяртай байна. Найман жилийн өмнө сүүлийн гараанд гарч уралдсан. Тэгвэл энэ жил том зорилготой яваа. Зорилгоо биелүүлэхийн төлөө бүх чадлаа дайчилна. Бэлтгэл сургуулилалт сайн байгаа. Швейцариас эхлээд зургаан ч цуврал тэмцээнд оролцоод хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирлээ” хэмээн ярилаа.
Ташрамд дурдахад,
өвлийн наадам биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт,
снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах зэрэг зургаан спортын 11 төрлийн 64 зай, ангилалд болох бөгөөд 34 орны 1275
тамирчин хүч сорих юм. Харин Монгол Улсын шигшээ баг тамирчид дөрвөн спортын долоон төрөлд тамирчдаа сойно.
Монголын багийн түрүүч тэмцээн болох газартаа очсон бол гүйлтийн цана, биатлоны тамирчид маргааш Харбины зүг хүлгийн жолоо залах ажээ.