ДАРХАН-УУЛ: Бурхантын өвлийн наадамд 450 гаруй тамирчин оролцлоо
ФОТО МЭДЭЭДархан, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өвөл цагийн уламжлалт тоглоом наадгайг сурталчлан таниулах, өвлийн спортыг дэмжих, тусгай сонирхлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Бурхантын өвлийн наадам” нэгдсэн үйл ажиллагаа өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Наадмын хүрээнд дөрвөн төрлийн спортын тэмцээн, уралдааныг
зохион байгуулав.
Тухайлбал, мөсний шагайн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан аймгийн 60 гаруй тамирчин оролцлоо.
Мөсөн сурын харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг цуваа болон багийн харваа гэсэн хоёр төрлөөр зохион байгууллаа. Тус хоёр төрөлд 150 гаруй харваач цэц мэргэнээ сорьж, үзэгчдийн уухайн дуунд жаврыг үл ажран ширүүхэн өрсөлдлөө.
“Дархан айс дрифт-2025” сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын уралдаанд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Орхон, Дорнод аймгийн аймгийн 80 тамирчин хурд хүчээ сорилоо.
Мөсний загасчлалын “Дархан цом-2025”
улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн арав дахь жилдээ амжилттай
боллоо. Тэмцээнд 25 багийн
150 гаруй тамирчин оролцож,
тэсвэр тэвчээр, авьяас чадвараараа өрсөлдлөө.
Хоёр
өдөр үргэлжилсэн дөрвөн төрлийн тэмцээнд 450 гаруй тамирчин оролцсон бол
давхардсан тоогоор 1000 гаруй иргэн үзэж сонирхжээ.
Мөн монгол нохой чарга, морь уналгын үйлчилгээ, халуун хоол, ундааны үйлчилгээг иргэдэд үзүүлж, төрийн
байгууллагууд, дээрх тэмцээнүүдийн хамтран зохион байгуулж буй холбоодтай
хамтран сурталчилгаа, танин мэдэхүйн ажлыг давхар зохион байгуулав.
Тэмцээний дэг журам, бусад зохион байгуулалтад аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Залуучууд театр, Дархан хот тохижилт үйлчилгээний газар, Дархан хотын хог тээвэр ОНӨААТҮГ, Соёл амралтын хүрээлэн зэрэг байгууллага ажиллалаа.