ӨВӨРХАНГАЙ: Зудын эрсдэл нийт нутгийн 1.9 хувьд нэн их, 24.1 хувьд их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны судалгаа
мэдээллийн хүрээлэнгээс газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн
мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргаж байна.
Өвөрхангай аймгийн нийт нутгийн зудын эрсдэлийн үнэлгээг нэгдүгээр сарын 31-ний байдлаар гаргахад 1.9 хувьд нэн их, 24.1 хувьд их, 51.1 хувьд дунд, 17 хувьд бага эрсдэлтэй, 5.9 хувьд эрсдэлгүй гарчээ.
Тодруулбал, Нарийтээл, Уянга сумын зарим хэсгээр нэн их, Нарийнтээл, Уянга, Хархорин, Гучин-Ус сумын ихэнх, Бат-Өлзий, Хужирт, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Есөнзүйл, Баян-Өндөр, Богд, Сант сумын зарим хэсгээр их эрсдэлтэй байгаа бол Богд сумын зүүн хойд хэсэг, Хархорин, Төгрөг сумын зарим хэсгээр эрсдэлгүй байна.
Нийт нутгийн 70 хувь нь цастай байгаагаас Баруунбаян-Улаан, Богд, Хархорин, Баян-Өндөр, Төгрөг сумын зарим хэсгээр цасны дундаж 5-7 см, хунгар 15-25 см зузаан, цасны нягт 0.10-0.28г/см3 байв.
Энэ сарын эхээр хүйтэн жиндүү байдал хадгалагдах ба нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд ОЖД–ын орчим, бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд нэгдүгээр арав
хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд
ихэнх нутгаар бага зэргийн цас орж, зарим газраар салхи шуургатай байх төлөвтэй
байгаа тул зудын эрсдэл ихтэй бүс нутагт бэлэн байдлыг тасралтгүй
хангаж ажиллах шаардлагатай байгааг УЦУОШТ-өөс мэдээллээ.