ДУНДГОВЬ: Хүмүүнлэг сургуулийн шинэ байрыг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хүмүүнлэг сургуулийн багш, сурагчид стандартын
шаардлага хангасан хичээлийн шинэ байрандаа хичээллэж байна.
Хичээлийн шинэ байрны нээлтийг 2 дугаар сарын
8-нд зохион байгуулж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, аймгийн удирдлагууд, сургуулийн
үе үеийн багш, ажилчид, төгсөгчид оролцжээ. 640 хүүхдийн сургуулийн тус барилгыг
улсын төсвийн 11.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Си Эйч Би Жи
Констракшн" ХХК барьж, шинэ оны өмнө ашиглалтад оруулсан юм.
Энэ хичээлийн жилд тус сургууль 4 удирдах ажилтан, 40
багш, 18 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, 28 бүлэгт 760 гаруй сурагч
хичээллэж буй.
Хүмүүнлэг сургууль 1991 онд 20 бүлгийн 459 сурагч, 30
багш, 22 ажилтантайгаар тус аймагт үйл ажиллагаа явуулж байсан ХАА-н техникумын
хичээлийн байранд сургалт, хүмүүжлийн ажлаа эхэлж, 1997 онд 8 жилийн сургууль,
2003 онд 10 жилийн сургууль, 2017 онд Хүмүүнлэг сургууль болон өргөжжээ.
Сургуулийн анхны захирлаар Ш.Гантулга ажиллаж байсан ба 1993-1997
онд захирлаар Б.Бямбаа, Н.Батсайхан, Ж.Хишгээ, хичээлийн эрхлэгчээр Ү.Бямбаа,
Ц.Дэлгэрбуян, Б.Оюунчимэг нар ажиллаж байсан юм. 2018 оноос тус сургуулийн
захирлаар Д.Мөнхбат томилогдон ажиллаж байна.
Ташрамд дурдахад, Дундговь аймгийн Сайнцагаан суманд энэ жил 2 сургууль шинэ хичээлийн байртай болж, багш, сурагчид стандартын шаардлага хангасан хичээлийн байранд ийнхүү хичээллэж эхэллээ. Говийн ирээдүй сургууль хичээлийн шинэ байрны нээлтээ энэ сарын 7-нд хийсэн бол Хүмүүнлэг сургууль нэг өдрийн дараа ийнхүү ёсолсон юм.