Ч.Болор: Байгалийн сайхныг уран бүтээлдээ шингээдэг
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач Ч.Болорын бие даасан “Монгол” уран зургийн үзэсгэлэн “Норфей арт галерей”-д олны хүртээл болж байна.
Дүрслэх урлагийн дээд сургуулийг хөрөг зургийн зураач мэргэжлээр төгссөн тэрбээр 2010 оноос байгалийн зургаар дагнажээ. Түүний хувьд Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхистод хүрч, уран бүтээлээ туурвисан учраас энэ удаагийн үзэсгэлэнгээ “Монгол” хэмээн нэрлэсэн байна.
Уг үзэсгэлэнгийн гол онцлог нь байгалийн өнгө будаг, уусгалтыг нарийн гаргаж, судалбарыг томруулж зурсанд оршиж байгааг зураач Ч.Болор хэллээ.
Тэрбээр ярихдаа, “Миний хувьд таван жилийн дараа үзэсгэлэнгээ нээж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ үзэсгэлэнд миний сүүлийн таван жилийн бүтээл орсон гэсэн үг. Үүнээс өмнө гадаад болон дотоодын уран бүтээлчидтэй хамтарсан үзэсгэлэн гаргаж байлаа. Миний зураг Монголын урчуудын эвлэлийн хорооны шилдэг бүтээлийн шагналыг хоёр удаа хүртсэн. Үүнээс гадна дэлхийн банканд бүтээл минь хадгалаастай байгаа. Цаашид төрийн тахилгат 13 хайрхнаа зурж, үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн” гэлээ.
Ч.Болор Канад,
Швейцарын хамтарсан төслийн хүрээнд аутизм, даунтай хүүхдийн нуугдмал авьяасыг
нь нээн илрүүлж, урлагийн боловсрол олгоход өөрийн хувь нэмрийг оруулсан нэгэн
юм.