ТӨВ: “Нутгаа судлахуй” богино аяллын хичээлээр түүх, өв соёлоо танин мэддэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Нутгаа судлахуй” богино аяллын буюу экскурс хичээлийг ордог байна. Тус хичээлийг 2018 оноос эхэлсэн бөгөөд сүүлийн 3 гаруй жил тасралтгүй зохион байгуулж байгаа юм.
Уг хичээлээр сурагчдыг өсөж төрсөн нутаг усных нь унаган байгальтай танилцуулж ,ургамал амьтныг таньж мэдэх, орон нутгийнхаа хөрсний шинж чанарыг энгийн аргаар тодорхойлж хөрсний дээжийн судалгаа хийх, багаж төхөөрөмжтэй ажиллаж сурах, туул голын усны PH орчныг тодорхойлж дүгнэлт гаргаж сурдаг.
Түүнчлэн усыг хэрхэн хайрлах хамгаалах сэдэл тэмүүлэл бий болгож, суралцагчдын нийгэмшихүйн хөгжил төлөвшлийг дэмжих зорилгоор танин мэдэхүйн буухай тэмцээнийг зохион байгуулдаг байна.
Тус хичээлд нэг дор олон хүүхэд оролцоход үр дүн багатай тул бага, дунд, ахлах бүлгээр нь хувааж хөтөлбөр төлөвлөгөөгөө гаргадаг.
Орон нутгийнхаа байгалийн онцлог шинж, түүх, өв соёлыг танин мэдэх өндөр ач холбогдол бүхий хичээл болдог гэдгийг сурагчид онцолж байв.