Э.Цэндбаатарыг “Хангарди” одонгоор шагналаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. НИТХ-ын дарга А.Баяр мэргэжлийн боксын рингэнд 12 дахь тулаанаа хийж, ялалт байгуулсан гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг хүлээн авч уулзан, баяр хүргэв.
Хүндэтгэлийн уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр бахархам ялалтад нь баяр хүргээд нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор, түүний дасгалжуулагч Жонатан Уоллийг “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан байна. МУГТ Э.Цэндбаатар төв Азийн аваргын бүсийн төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн НИТХ, НЗДТГ-т талархал илэрхийлж, дэлхийн аваргын бүс зүүхийн төлөө цаашид улам их хичээнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Ташрамд дурдахад, тэрбээр АНУ-ын Лос Анжелес хотод тавдугаар сард ээлжит тулаанаа хийхээр товлосон бөгөөд өрсөлдөгч нь мэргэжлийн бокст 18 ялж, нэг ялагдсан АНУ-ын тамирчин Жордан Вайт байх аж. “Шорт Дог” хочтой тэрбээр нийт ялалтынхаа 12-т нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авсан байна. Одоо 27 настай, 171 см өндөр, 2015 онд анхны тулаанаа хийж байсан Жордан Вайт дэлхийд 20, АНУ-д 6 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.