ДУНДГОВЬ: Бага насны хүүхдийн үндэсний бөхийн барилдаанд III цэцэрлэгийн бөхчүүд түрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн
сар шинийн баярыг угтсан “Бага насны хүүхдийн үндэсний бөхийн 9 дүгээр наадмыг
Сайнцагаан суманд зохион байгуулж, 4-5 насны 64 барилдаанч хүүхэд зодоглов.
Тус наадмыг Сайнцагаан сумын Улсын тэргүүний гуравдугаар
цэцэрлэг 2010 оноос анх зохион байгуулж эхэлснээр уламжлал болжээ.
Монгол бөхийн дэг жаяг, өв соёлыг таниулж өвлүүлэх,
хүүхдүүдийг бага наснаас нь үндэсний бөхийн барилдаанаар хичээллэх сонирхлыг
төрүүлэх зорилгоор зохион байгуулдаг тус наадмыг энэ жил Сайнцагаан сумын ИТХ, ЗДТГ,
Биеийн тамир спортын газар, Зэвсэгт хүчний 278 дугаар анги, Монголын
эмэгтэйчүүдийн холбооны Дундговь салбар, Автотээврийн газар, Говийн гэгээ ХХК
болон хувь хүмүүс ивээн тэтгэж оролцлоо.
Тус наадамд 3 дугаар цэцэрлэгээс оролцсон бөх
Ө.Амартүвшин түрүүлж, Т.Батсүлд үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт Л.Жамба-Очир, 1
дүгээр цэцэрлэгийн бөх Ш.Мөнхэрдэнэ нар шалгаран үлджээ.
Харин “Уран барилдаанч бөх”-өөр 5 дугаар цэцэрлэгийн бөх
Ц.Оргилсайхан, “Үзэгчдийн таашаалд нийцсэн бөх”-өөр 2 дугаар цэцэрлэгийн бөх
С.Мөнгөнбаатар нар шалгарсан юм.
Энэ жилийн барилдааныг 2 үе шаттай зохион байгуулж, ивээн
тэтгэгчид болон үзэгчдийн тоо нэмэгдсэн нь онцлог байлаа.
Бөхийн барилдааны тайлбарлагчаар Үндэсний бөхийн аймгийн ахлах тайлбарлагч Ч.Идэрмөнх, гарын даа, хөлийн цэцээр БТСГ-ын багш ахлах дасгалжуулагч Ж.Батсайхан нар ажиллажээ.