ДАРХАН-УУЛ: Далан, шуудууны ус нэвтрүүлэх чадлыг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-02-20 16:15:03

Дархан, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, далан, суваг шуудууны бүрэн бүтэн байдал, ус нэвтрэх чадлыг шалгаж байна.


Нутгийн ихэнх хэсэгт цас хатуурсан, цасны дундаж зузаан 20-25 см, уулын бэл, гуу, жалга түүнээс илүү зузаан цастай байна.


Тиймээс суурьшлын бүсийг үер, усны аюулаас урьдчилан сэргийлж буй далан, шуудууг ойрын өдрүүдэд шалгаж, ус нэвтрэх чадлыг сайжруулахаар зарим хэсэгт цас, мөсийг цэвэрлэх, хүчитгэх ажлыг хийхээр болжээ.


Зөвхөн Дархан сумын хэмжээнд 21 км далан, суваг байдаг бөгөөд багийн засаг дарга нар өөрийн харъяалалын нутаг дэвсгэр дэх даланг шалгаж мэдээллээ нэгтгэж Дархан сумын ЗДТГ-т хүргүүлж байна.


Мөн Дархан сумын Засаг даргын орлогч Б.Мөнх-Эрдэнээр ахлуулсан ажлын баг цас ихтэй уулын сав газар, гуу жалга, хар усны халиа, тошин үүсдэг хэсгүүдэд агаарын зураг авалт хийж, урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийхэд зөрчил илрээгүй байна.


Урд өмнөх жилүүдэд иргэд далан, шуудуунд ахуйн болон барилгын хог хаягдал хаях, санаатайгаар сүйтгэсэн зэрэг зөрчлүүд илэрч байсан юм.

 




相关新闻