Усан доор авсан шилдэг гэрэл зургуудыг шалгаруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-02-21 16:35:49

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 21 /CNN/. Усан доор авсан шилдэг гэрэл зураг шалгаруулах уралдааны эцсийн шатанд тунан үлдсэн бүтээлүүдийн дунд тулалдаж буй загас, цангасан тэмээ, үсэрхэг сам хорхой зэрэг дүрсүүд багтжээ. 


Тэдгээр бүтээлээс Испанийн гэрэл зурагчин Альваро Херрерогийн бөгтөр халим болон түүний дөнгөж төрсөн тугал хоёрын харилцааг харуулсан гэрэл зураг шилдгээр тодорсон тухай зохион байгуулагчид өнөөдөр мэдэгдлээ.


А.Херреро Radiant Bond гэдэг нэртэй зургаа Францын Полинезийн арлуудын орчимд авчээ. Зулзага нь маш жижиг, эв дүй муутай хэвээр байсан тул эх нь тугалаа дагуулан усны гадаргуу руу хөвж байв. 


Тугал усан доор хэд хэдэн бөмбөлөг гаргасан байгаа нь амьсгалаа зөв барьж сурж байгааг харуулж байна. Миний авсан энэ гэрэл зураг эх амьтны ​​хайрыг бодитойгоор илэрхийлж, манай гаргийн далай тэнгис дэх амьтдын гоо үзэсгэлэн, эмзэг байдлыг харуулж байна” гэж А.Херреро ярилаа.


Энэ жилийн уралдаанд нийт 6750 гаруй бүтээл ирсэн байна. Тэмцээний шүүгч Питер Роулэндс хэлэхдээ “Эх тугал хоёрын хоорондын харилцаа нь манай ертөнцийн сайн сайхан талыг харуулж байна. Бидэнд сорилт бэрхшээлүүд тулгарч байгаа ч гэсэн дэлхий даяар өсөн нэмэгдэж буй бөгтөр халимны тоо толгой нь юунд хүрч болох вэ гэдгийг харуулж байна” гэлээ.


Бусад төрөлд шалгарсан зургуудад Японы гэрэл зурагчин Шүнсүке Наканогийн камерын дурандаа буулгасан хоёр эр хонин толгойт загасны зураг, тэмээнүүд элсэн цөлд ус ууж буйг усан доороос авсан Кувейтийн гэрэл зурагчин Абдулазиз Аль Салехийн гэрэл зургууд багтжээ. Анх 1965 онд зохиогдож байсан энэхүү уралдаанд энэ удаад 13 төрөлд шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан байна. 2024 онд Шведийн гэрэл зурагчин Алекс Доусон Гренландын усан доор авсан халимны ясны зургаараа шилдгээр шалгарч байжээ.

 



相关新闻