Чөлөөт бөхийн шигшээ баг бүрджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-24 12:42:54

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбоо “Лос-Анжелес 2028” олимпын циклийн бэлтгэлийг удирдан явуулах шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг албан ёсоор бүрдүүлжээ.


Лос-Анжелесын олимпын циклд шигшээ баг долоон дасгалжуулагч, 33 тамирчинтай бэлтгэл сургуулилалтаа хийх юм. Тодруулбал, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар олон улсын хэмжээний мастер Д.Гомбодоржийг томилсон бол туслахаар Ж.Чулуунбат, Г.Амархүү нарыг сонгожээ. Эрэгтэй багт нийт 14 тамирчин багтсан бөгөөд 10 нь УАШТ-д түрүүлсэн юм. Харин олимпын төрлийн жинд дасгалжуулагч нарын саналаар УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчдыг багтаасан байна.


Тэгвэл эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар олон улсын хэмжээний мастер С.Сүхбаатарыг томилж, гавьяат тамирчин Б.Одончимэг, ОУХМ Ө.Ууганбаяр нар туслахаар ажиллана. Эмэгтэйчүүдийн шигшээ баг түүхэндээ анх удаа эмэгтэй дасгалжуулагчтай болсноороо онцлогтой. Эмэгтэй багт 13 тамирчин багтсан байна. Түүнчлэн сонгомол бөхийн дасгалжуулагчаар олон улсын хэмжээний мастер С.Мөнхсүх томилж, зургаан тамирчны бүрэлдэхүүнтэй шигшээ баг байгуулав.


Шинээр бүрэлдсэн шигшээ багийн тамирчдын оролцох хамгийн эхний тэмцээн ирэх сарын 25-нд Йорданы Амман хотод эхлэх насанд хүрэгчдийн ААШТ байх юм. Тус тэмцээнд оролцох эрэгтэй баг хамтарсан бэлтгэл оролцохоор өнөөдөр Хөх хот руу мордсон бол эмэгтэйчүүд нийслэлд бэлтгэлээ базааж байна.  




相关新闻