Сар шинийн баярт зориулсан “Өндөрхааны цом”-д аймгийн хурц арслан А.Алтанцоож түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-24 16:43:31

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан Хэнтий аймгаас төрөн гарсан аймгийн арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл илэрхийлэх “Өндөрхааны цом” улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 128 бөхийн барилдааныг зохион байгууллаа.


Барилдаанд  дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагватай тэргүүтэй улсын цолтой 24 бөх бүртгүүлэн барилдсан нь орон нутагт зохион байгуулдаг барилдаанаас хамгийн өндөр чансаатай нь болов. Сар шинийн барилдааны сорилго болохуйц энэхүү барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх аймгийн хурц арслан А.Алтанцоож долоо даван түрүүлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх улсын харцага Б.Цэдэнсодном үзүүрлэв.


Тэгвэл Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, Монгол Улсын 10 дахь дархан аварга Н.Батсуурь, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх улсын начин Л.Энхсаруул нар шалгарлаа. Харин наймд улсын заан Д.Хүдэрбулга, харцага Т.Сайханжаргал, Э.Ууганбаяр, начин Э.Батмагнай нар үлдсэн байна.


Тус барилдаанд түрүүлсэн нь 10, үзүүрлэсэн нь найм, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр таван сая төгрөгийн бай гардсан юм. Мөн Улсын цолонд ойрхон бөхийн шагнал, Уран барилдааны шагнал олголоо. Түүнчлэн Хэнтий нутгаас төрөн гарсан үе үеийн аймгийн арслан цолтой бөхчүүд болон Монгол Улсын арслан Э.Оюунболдод Хэнтий аймгийн удирдлагууд хүндэтгэл илэрхийлэв. 















相关新闻