Ховор амьтан зүйлийг хамгаалах, нутагшуулах талаар санал солилцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-02-26 11:40:55

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. БОУАӨ-ийн сайд С.Одонтуяатай албан уулзалт хийхээр Бүгд Найрамдах Казахстан Улсын Экологи, байгалийн нөөцийн сайд Е.Насынбаев, тус яамны Ойн аж ахуй болон ан, амьтан хамгаалах хорооны дэд дарга А.Кым нар манай улсад энэ сарын 23-25-нд ажлын айлчлал хийлээ.


Уулзалтын эхэнд БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа хоёр улсын яам хооронд 2023 онд байгуулсан "Хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох, ховор амьтан төрөл зүйлийг хамгаалах талаар хэлэлцэхээр манай улсыг зорин айлчилж байгаад талархал илэрхийлэв.

Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр Казакстаны Ой аж ахуй, амьтны хороо, манай улсын Ойн газартай нягт хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг тус яам мэдээллээ.


Тодруулбал, Казахстан Улсын "Хоёр тэрбум мод" санаачилгыг манай улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулах, заган ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын шийдлийг харилцан хуваалцах, хоёр улсын ховор амьтан зүйлийг хамгаалах, нутагшуулах, байгаль орчны хууль тогтоомж, бодлогын чиглэлээр туршлага солилцох чиглэлээр санал солилцжээ.

 

 

相关新闻