Сар шинийн баярын барилдаанд улсын цолтой 67 бөх зодоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-27 10:20:23

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 хүчтэн зодоглоно.


Тодруулбал, дархан аварга нэг, улсын аварга хоёр, арслан дөрөв, гарьд нэг, заан 10, харцага 17, начин 32 бөх бүртгүүлжээ. Өөрөөр хэлбэл, улсын цолтой 67 бөхөөр магнайлуулсан 256 бөх зодоглоно. Бүртгүүлсэн 256 бөхөөс хүндэтгэх шалтгааны улмаас зодоглох боломжгүй болсон тохиолдолд чансаагаараа аймгийн арслан Д.Аззаяа 700, аймгийн заан О.Доржсамбуу 700, аймгийн харцага Н.Ширчинхүү 650, аймгийн заан Х.Бөхбаяр 600, аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан 600 нараас нөхөж барилдуулах юм.


Сар шинийн барилдаан өнөөдөр 13:00 цагт эхлэх бөгөөд нэг, хоёрын давааны барилдаан болно.


Ташрамд сонирхуулахад, “Хилэнт эх” хэмээх луу жилийн сар шинийн барилдаанд улсын цолтой 69 бөх зодоглож байсан бөгөөд улсын аварга О.Хангай түрүүлж, заан Б.Пүрэвсайхан үзүүрлэж байв. Харин туулай жилийн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, дархан аварга Н.Батсуурь үзүүрлэсэн юм. Харин усан бар жилийн барилдаанд улсын начин Э.Мөнхжаргал аймгийн заан цолтойдоо түрүүлж, заан Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн билээ. Э.Мөнхжаргалын хувьд сар шинийн барилдаанд аймгийн заан цолтой түрүүлсэн анхны бөх болж байв.


Сар шинийн сүүлийн 10 жилийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, заан Б.Бат-Өлзий нар тус бүр хоёр түрүүлжээ. 

相关新闻