Швейцарын Женев хотод болсон сар шинийн барилдаанд залуу бөх Т.Өгий түрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-27 10:37:06

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан Швейцарын Женев хотод болжээ.


Тус барилдааныг Монголын үндэсний бөхийн холбооны Европ дахь салбар, Монгол Улсаас Швейцарын холбооны улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан байна. Сар шинийн барилдаанд Швейцар, Франц, Чех, Унгар, Испани, Германаас аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд зодоглосноос Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, залуу бөх Т.Өгий түрүүлж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, сумын заан Ц.Бат-Эрдэнэ үзүүрлэсэн байна.


Харин их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат залуу бөх Т.Баасанбат, Архангай аймгийн Өлзийт сумын харьяат, залуу бөх Б.Чанрав нар шалгарчээ. Дунд шөвөгт Увс аймгийн Давст сумын харьяат, Улаанбаатар хотын уугуул, сумын заан Д.Жамсрандорж, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, сумын заан Г.Баасанжаргал нар үлдсэн аж.

Тус барилдаанд түрүүлсэн бөх 500, үзүүрлэсэн нь 300, их шөвөгт үлдсэн бөхчүүд 200 еврогийн шагнал гардахын сацуу алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаав.


Энэхүү барилдааны уран гараа, дэвээтэй бөхийн тусгай шагналыг Увс аймгийн Хяргас сумын харьяат, сумын заан, 65 настай ахмад бөх В.Төмөрбаатар хүртсэн бол уран барилдааны шагналыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат залуу бөх Т.Баасанбат гарджээ. Тэрбээр шинэ үеийн залуу бөхчүүдийн төлөөлөл болж, тус барилдаанд гурван цолтой бөхийг өвдөг шороодуулсан байна. Тэгвэл өсөх ирээдүйтэй бөхөөр дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит Европын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний өсвөрийн бөхийн 2024 оны аварга, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, М.Билгүүдэй тодорчээ.


Түүнчлэн багийн халз барилдаанд БНЧУ-аас оролцсон "Чех"-ийн баг тэргүүн байр эзэлсэн бол ахмадад Увс аймгийн Давст сумын харьяат, Улаанбаатар хотын уугуул сумын заан Д.Жамсрандорж, өсвөрт Увс аймгийн Малчин сумын харьяат, Швейцар улсын уугуул, С.Квинтен нар түрүүлэв. 















相关新闻