Өсвөр насныхны 74 хувь нь цахим орчинд идэвхтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хүүхэд, хамгаалал, хөгжлийн газар болон Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Тус сургалт хэвлэл, мэдээллийн байгууллагын албан хаагчдыг энэ чиглэлээр чадавхжуулж, цаашдаа хүүхдийн аюулгүй байдлын төлөө урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж хамтран ажиллах юм. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, олон нийтийн оролцоо, үүрэг ямар байх талаар хуулийн зохицуулалт хийжээ.
Монгол Улсын хүн амын 37 орчим хувийг цахим хэрэглэгч эзэлж байна. Тэгвэл нийт хүн амын 1.2 сая нь өсвөр насныхан бөгөөд тэдний 74 хувь нь цахим хэрэглээнд идэвхтэй байдаг аж. Үүнээс гадна цахим орчинд идэвхтэй байгаа хүүхдүүдийн 65 хувь нь эмэгтэй, 55 хувь нь эрэгтэй байгаа юм.
Манай улсад Youtube хуудас хэрэглэдэг 2.5 сая иргэн байдгаас 70 хувь нь өсвөр насныхан бол инстаграм идэвхтэй ашигладаг 430 мянган хүүхэд байна. Энэ нь гэмт хэрэгт өртөх эрсдэлийг нэмж байгааг албаныхан хэллээ. Үүнтэй холбоотой олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хэвлэл, мэдээллээр дамжуулан цахим орчинд хүүхдүүдэд учирч болох эрсдэлийн талаар мэдээлэл өгөх зөв зохистой эерэг хэрэглээг бий болгох нь энэхүү сургалтыг гол зорилго аж.