БУЛГАН: Эрдэнэт-Хангал-Хялганат чиглэлийн 64 км авто замыг ашиглалтад хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-03-19 16:27:56

Булган, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Орон нутгийн өмчийн газар Орхон аймгийн зүүн гурван замын уулзвараас Хялганат хүртэлх авто замыг Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан бөгөөд нийт 64 километр авто замыг хүлээн авлаа.

 

Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санаачлан, хөрөнгө оруулсан Эрдэнэт-Хангал-Хялганат чиглэлд авто зам тавих гурван багц бүхий уг төслийн Эрдэнэт хотын тойрог уулзвараас Хангалын гүүр хүртэлх 30 км замыг “Замын битум” компани, Хялганат тосгоны гүүр хүртэлх 23,6 км авто замын ажлыг “Хурдны зам” компани тус тус гүйцэтгэжээ. Харин “Жавхлан харгуй” компани “Сэлэнгэ” амралтын бааз чиглэлд тавьсан технологийн 10,4 км авто замын ажлыг хариуцан хийсэн байна.

 

Эдгээр компаниуд 2026 он хүртэл уг замд баталгаа гарган өгчээ. Түүнчлэн, шинэ зам нь бетон суурьтай, асфальт хучилттай учраас маш сайн чанарын авто зам болохыг мэргэжилтнүүд онцоллоо.


Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, “Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр барьсан авто замыг тус аймгийн Орон нутгийн өмчид хүлээлгэн өглөө. Булган аймгийн Засаг даргын орлогч, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Орон нутгийн өмчийн дарга, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Санхүү төрийн сангийн хэлтсийн төлөөлөл, Хангал сумын удирдлагууд энэхүү авто замыг хүлээн авч буй түүхэн үйл явдал болж байна.

Иймээс Булган аймгийн Төр захиргааны байгууллагууд, Хангал, Хялганат сумын иргэд, Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ, Цагаан нуур сумынхны аж амьдралд тус дэмтэй ажил болохоор бид нэлээн ач холбогдол өгч байгаа. Өөрөөр хэлбэл авто зам тавьсан нь хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэсэн ажил болсонд баяртай байна.

Анх Булган аймгийн Хангал сумын Хороо нэртэй байгуулж байсан Эрдэнэт хот, үйлдвэр маань өнөөдөр улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж явна. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үе үеийн сумын засаг дарга нарын мөрөөдөл болсон Хангал, Хялганат чиглэлийн авто замыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгч байгаа нь тус үйлдвэрийн үр шимийг нутгийн иргэд хүртэж байна” хэмээн онцлон хэллээ.


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн Тэргүүлэх инженер Д.Баярмаа, "Анх Эрдэнэт-Хялганатын авто замыг хатуу хучилттай зам болгох ажлын даалгаврын дагуу “Ар Си Эс Си” компанитай зураг төсөл боловсруулах гэрээ байгуулж ажилласан. 2021 онд шинэчилсэн төсөв батлуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсанаар авто зам тавих ажил эхэлсэн. Зохиогчийн хяналтыг “Ар Си Эс Си” компани гүйцэтгэсэн.

“Хурдны зам”, “Замын битум” ,“Жавхлан харгуй” компаниуд гүйцэтгэгчээр шалгарч нэг жилийн хугацаанд уг ажлыг амжилттай хийж ашиглалтад оруулсан. Өнөөдөр зам арчилгаа, ашиглалтыг нь хариуцуулахаар Булган аймагт хүлээлгэн өгөөд байна. Энэ замаар сум, сумын олон иргэд зорчдог.

Үр тариа, хүнсний ногоо тээвэрлэдэг. Эрдэнэт үйлдвэрийн тухайд технологийн замын зориулалтаар ашигладаг. Эрдэнэт үйлдвэрийн зуны зуслангийн ажил эхлэхээр жил бүр энэ замыг засварлаж хүүхдүүдээ авдаг. Тэгвэл энэ оноос Авто тээврийн цехийн хийх урсгал засварын ажлыг хөнгөвчилж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн зуслан дээрээ л урсгал засварын ажил хийнэ.

Шинэ авто зам тавьснаар машин техникийн эвдрэл, ажиллагсдын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ. Үүнд их баяртай байна.

Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг иргэд хүртэж байгаагийн нэг жишээ шинэ авто замтай болсон явдал юм. Цаашид улсын чанартай энэ авто замыг Булган аймаг хариуцан ашиглаад явна. Энэ замаар иргэд аюулгүй зорчиход хэрэгтэй бүтээн байгуулалтын ажлыг Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгөөр хийсэнд манай ажилтнууд талархаж байгаагаа дурдлаа.





相关新闻