БУЛГАН: Хөтөлбөрийн үр дүнд санхүүгийн мэдлэгээ дээшлүүлж, ангиараа хуримтлалын гараагаа эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-05-23 14:27:22

Булган, 2025 оны тавдугаар сарын 23  /МОНЦАМЭ/. Ахлах ангийн сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгох, зөв удирдах, зүй зохистой хэрэглээний дадалд хэвшүүлэх, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар 4 сарын хугацаанд хэрэгжсэн “Level Up” хөтөлбөр хаалтаа хийлээ.

 

Тус хөтөлбөрт Булган аймгаас 8 багш, 257 суралцагч хамрагдаж, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээгээр 3 багш, 1 сургууль шилдгээр шалгарлаа.


Санхүүгийн боловсрол нь бүх насны иргэдэд чухал ач холбогдолтой, амьдралын чанарт шууд нөлөөлөхүйц амьдрах ухааны суурь чадвар юм. Иймд ахлах ангийн сурагч, багш нарт зориулсан санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, сургагч багш бэлтгэх зорилготой “Level up” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Уг хөтөлбөрт Улаанбаатар хотын 6 дүүрэг, Говь-Алтай, Ховд, Орхон, Булган аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 5000 сурагч хамрагдсан байна.


Хөтөлбөрийн давуу тал нь сурагчдад санхүүгийн боловсролын үндсэн ойлголтуудыг таниулж, өдөр тутмын санхүүгээ зохистой төлөвлөх, зарцуулалтаа хянах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах аргуудыг заан, багш нарыг мөн сургагч багшаар бэлтгэж удаан хугацааны, чанартай боловсролыг түгээхэд оршиж ач холбогдлоо өгсөн байна.


Хөтөлбөрийн хүрээнд: Сошиал хөгжүүлэлтээр нийт 45 контент хийж санхүүгийн мэдлэгээ бусдадаа түгээх, сурталчлах нөлөөллийн ажил хийсэн байна.


Багш, ажилчид, суралцагчид үргүй зардлаас татгалзаж хуримтлал үүсгэсэн, зарим эцэг, эх, асран хамгаалагч нар “Өрхийн төсөв”-ийн дэвтрийг хөтөлж сурчээ.


Дэлхийн мөнгөний долоо хоног аянд бүх анги амжилттай оролцсон зэрэг онцлог үр дүн гарчээ.


Нэгдүгээр сургуулийн багш Ш.Сарантуяа, Саяхан нэгдүгээр сард хөтөлбөр эхлэхэд зорилго тавиад ангиараа шилдэг болно гээд эхлүүлж байсан. Зорилгоо өнөөдөр биелүүлээд зогсож байгаад бид бүгд үнэхээр их баяртай байна


Хөтөлбөрийн үр дүнд санхүүгийн мэдлэгээ дээшлүүлж, ангиараа хуримтлалын гараагаа эхлүүлж тодорхой хэмжээний дадал болгож чадсан бөгөөд цаашид ч хэрэгжүүлнэ. Шинийг санаачлагч шилдэг сургуулиар Булган аймгийн Нэгдүгээр сургуулийн 10а анги, Бүтээлч шилдэг багшаар миний бие шалгарлаа .


Ер нь маш үр дүнтэй хөтөлбөр байсан бөгөөд оролцсон хүүхэд бүр өөртөө тодорхой ялалт, амжилт, өөрчлөлтийг авчирч чадсан юм. 




相关新闻