3х3-ынхан нэгдсэн бэлтгэлд гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт энэ сарын 26-нд эхэлнэ.
Дөрөв хоног үргэлжлэх тус тэмцээн 3х3-ын шинэ улирлыг нээж байгаа юм. Энэхүү тэмцээнд оролцох манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг нэгдсэн бэлтгэлд гарчээ. Монголын эрэгтэй баг тэмцээнийг чансаагаараа тэргүүлж, үндсэн “А” хэсэгт эзэн орон Сингапуртай багтсан. Энэ хэсгийн үлдсэн нэг баг нь урьдчилсан шатанд өрсөлдөх Малайз, Индонез, Хонконг, Хятад, Бахрайн, Гуамын нэг нь байх болно. Харин Монголын эмэгтэй шигшээ баг чансаагаараа Хятадын ард бичигдэж, “В” хэсгийг толгойлжээ. Тус хэсэгт Тайланд багтсан. Харин үлдсэн нэг баг нь Тайвань, Энэтхэг, Хонконг, Гуамын нэг нь аж.
Эрэгтэйчүүдийн багт Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн,
А.Ананд, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал, Г.Дөлгөөн нар бэлтгэлээ базааж
байгаа бол эмэгтэйд О.Хулан, М.Булбул, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, М.Нандинхүсэл, Ц.Болорцэцэг, Э.Нарангоо нар бэлтгэлд хамрагдаж байна.
Өнгөрсөн жил Монголын эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртсэн билээ. Ингэхдээ олимпийн жил байсан учир эрэгтэй шигшээ баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, залуучуудаа явуулсан. Тэгвэл энэ жил 2023 оны Азийн аварга болсон бүрэлдэхүүн дахин явах нь ээ. Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар Стив Сир ажиллана.