Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛЗХУ-ын маршал, ЗХУ-ын 4 удаагийн баатар, Монгол Улсын баатар Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ойг энэ сарын 26-нд Улаанбаатар хот дахь Оросын соёл, шинжлэх ухааны ордонд ёслон тэмдэглэлээ. Энэ арга хэмжээнд Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ, "Монгол Орос" найрамдлын нийгэмлэг, Г.К.Жуковын музей зэрэг олон нийтийн байгууллагууд оролцов.
Маршал Г.К.Жуковын 120 жилийн ойг Монгол Оросын дипломат харилцааны 95 жилийн ойн хүрээнд тэмдэглэж байна.
1939 оны Халхын голын байлдааны үед 57 дугаар корпусын захирагч Г.К.Жуков эрс шийдэмгий арга хэмжээ авч Яковлевийн танкийн 11-р бригадыг Баянцагаан дахь Японы цэргийн түшиц газар луу явган цэргийн дэмжлэггүй давших тушаал гарган агаарын бүх хүч болон артиллерийн ангиудад дайсныг буудаж бөмбөгдөх тушаал өгсөн байдаг. Эгзэгтэй үед үүнээс өөр бэлтгэл хүч түүнд байгаагүй бөгөөд энэ эрс шийдвэрийн ачаар Япончуудыг Бяанцагаанд бут цохин тэднийг Халхын голыг гатлах боломжгүй болсныг Монголын ард түмэн мартаагүй.
Монголчуудын эртний танил болсон Г.К.Жуковыг мэдэхгүй хүн маш цөөхөн билээ. Улаанбаатар хотод Жуковын нэрэмжит гудамж, музей байдаг, монголчууд ч түүнийг андахгүй.Энэхүү түүхэн хүний ойн арга хэмжээний хүрээнд энэ сарын 21-нд Монголд орос хэлээр сургалт явуулдаг сургуулийн сурагчдын дунд зарласан зохион бичлэгийн уралдааныг дүгнэжээ. Түүний тухай зохион бичлэгийн уралдаанд хүүхдүүд идэвхтэй оролцож, 2-4 дүгээр ангийн сурагчдаас Г.В.Плехановын нэрэмжит сургуулийн сурагч А.Оганов, А.Постигов, 5-8 дугаар ангийн сурагчдаас А.Ахунов, 9-12 дугаар ангийн сурагчдаас Т.Чингүүн нар түрүүлсэн байна.
Шалгарагсдын шагналыг ЗХУ, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Артём Оганов, Улаанбаатар дахь Үнэн алдартны сүмийн хамба лам Алексей нарын зэрэг хүмүүс гардуулж баяр хүргэв. Үүний дараа зочдод концерт тоглон, ордны танхимд гаргасан үзэсгэлэнг сонирхуулжээ.
Ж.Батсайхан