Олон улсын стандартад нийцсэн жишиг номын сангийн барилгын ажлыг эхлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн дэргэд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, олон улсын стандартад нийцсэн бүх төрлийн үйлчилгээг багтаасан жишиг номын санг ашиглалтад оруулна.
Тус номын санг БНСУ-ын Соёлын яамнаас зарласан “Хилийн чанад дахь номын сан” төслийн хүрээнд барих юм. Номын сангийн барилга нь 2500 метр талбай бүхий дөрвөн давхар байх бөгөөд давхар бүртээ уншигчдын насны онцлогт тохирсон ном, соёлын үйлчилгээг үзүүлэхээс гадна, кофе шоп, зохиолчтой уулзах цаг, номын нээлт, цахим өртөө, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан тусгай булан зэрэг үйлчилгээг олон нийтэд үзүүлэх юм.
Бүтээн байгуулалтын ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн
салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч
А.Амартүвшин
ярихдаа, "Энэ номын санг ирэх оны хоёрдугаар сард ашиглалтад оруулна. Одоогоор гадна барилга угсралтын ажлыг эхлүүлсэн арваннэгдүгээр сард дуусгана. Харин
дотор засал чимэглэл, техник, тоног төхөөрөмжийн суурилуулалтыг ирэх оны
хоёрдугаар сарын 1-нд хийхээр
төлөвлөж байна. Мөн төслийн хүрээнд номын сангийн ажилтнуудыг гурван үе шаттай БНСУ-д
мэргэшүүлэх сургалтад хамруулж эхлээд байна. Энэ нь Монгол Улсын номын сангийн
үйлчилгээний түвшнийг шинэ шатанд гаргах чухал алхам болно” хэмээв.
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 1980 оноос
үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэлийн таван дүүргийн салбар номын сан жилд
150-200 мянга орчим уншигчид үйлчилж, 500 мянга гаруй цаасан болон цахим номоор
олон нийтийн соёл, боловсролын хэрэгцээг хангаж байна. Мөн 2016 оноос харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай үйлчилгээ нэвтрүүлж, NVDA дэлгэц
уншигч болон брайл үсгийн хэрэглээнд шилжиж, 3000 гаруй номын сан хөмрөгтэйгөөр жилд тусгай
хэрэгцээт 350 гаруй иргэнд үйлчилж байгаа юм.