С.Батболд: Автотээврийн салбарт хийн болон цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-04 13:58:02

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн яамнаас “NEXUS Ногоон шийдэл” төр, хувийн хэвшлийн түншлэлийн форумыг энэ сарын 3-нд зохион байгууллаа. 


Хэлэлцүүлгээр цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станцын буюу дэд бүтцийг Улаанбаатар хот болон олон улс, улсын чанартай авто зам дагуу үе шаттай бий болгох, цахилгаан автомашины засвар үйлчилгээ, техникийн хяналтын зохицуулалт, автотээврийн хэрэгслээс үүссэн хог хаягдал болон баттерейг дахин боловсруулах асуудлыг шийдвэрлэх, цахилгаан тээврийн хэрэгслийн хяналт зохицуулалтын холбогдох стандарт, журмыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг экспертүүд онцолсон юм.


Энэ талаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлэхдээ “Зам, тээврийн яам автотээврийн салбарт хийн болон цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна. 2019 онд автотээврийн хэрэгслээс үүдэлтэй хог хаягдлын судалгааг мэргэжлийн байгууллагаар, 2022-2024 онд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгарах хорт хийн агууламжийг хянах тогтолцоог боловсронгуй болгох”-оор судалгааг хийж, ШУТЗ-өөр хэлэлцүүлэн хүлээж авсан. Дээрх судалгаа, тайланг үндэслэн холбогдох шийдвэр гаргахын тул төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай” гэв.


Дэлхийн дулаарал нь байгалийн гамшигт үзэгдлийн тохиолдох давтамж, хамрах хүрээг нэмэгдүүлснээр хүн төрөлхтний амьдралд сөргөөр нөлөөлж эхэлсэн юм. Сүүлийн 30 жилд байгалийн гамшигт үзэгдлийн хэмжээ гурав дахин нэмэгдэж, 10 жилийн дотор цаг агаарын өөрчлөлтөөс үүдэлтэй даатгалын зардал 8 дахин, даатгалын бус зардал 7 дахин нэмэгджээ. Бохирдол, нүүрстөрөгчийн хэт ялгарлаас үүдэлтэй дэлхийн дулаарал нь үер, хар салхи, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийн шалтгаан болсноор 2100 онд дэлхийн ДНБ 25 хувиар буурах эрсдэлтэй байна. Иймд бодлого боловсруулагчид зөвхөн эдийн засгийн өсөлтийг чухалчлахаас илүүтэй хүлэмжийн хийн ялгарал, дэлхийн дулаарлыг бууруулах тогтвортой ногоон өсөлтийг зорьж эхэлсний томоохон илрэл нь Парисын хэлэлцээр юм.


Парисын хэлэлцээрт дэлхийн 196 улс нэгдсэн бөгөөд үндсэн зорилт нь XXI зуунд дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс хэтрүүлэхгүй түвшинд хадгалахад оршиж байгаа юм. Манай улсын хувьд “Алсын хараа-2050” Монгол Улс хөгжлийн урт хугацааны бодлогод энэ талаар тодорхой тусгасан. Тухайлбал, “Ногоон хөгжил” зорилтын 6.4 заалтын хүрээнд эрчим хүч, ХАА, барилга, тээвэр, аж үйлдвэр, хог хаягдлын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлнэ гэж заасан байдаг. Үүний хүрээнд Зам, тээврийн яам, Эм Эм Эс Инженеринг ХХК-тай хамтран “NEXUS NET ZERO” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тус яам мэдээлжээ.

相关新闻