Г.Эрдэнэтуяа: Нярайн скрининг шинжилгээгээр зургаан төрлийн эмгэгийг илрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Манай улс 2028 он гэхэд нярайн эндэгдлийг 5.5 болгож багасгахыг зорьж байна.
Эх, нярайн эрүүл мэнд аль ч улс орны үндэсний аюулгүй байдлыг илэрхийлдэг чухал үзүүлэлт юм. Тиймээс нярайн өвчлөл, эндэгдэлд голчлон нөлөөлж буй өвчин эмгэгийн эмчилгээ, оношилгоог сайжруулах нь нэн чухал болохыг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.
Салбарын яамнаас нярайн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэж, өвчлөл эндэгдлийг багасгахаар өнгөрсөн онд үндэсний баг байгуулж, нярайн цогц скрининг шинжилгээ, зүрхний мэс засал, уушгины гипертензийн оношилгоо, дутуу төрөлтөөс сэргийлэх эмчилгээг сайжруулах зорилгоор эмчилгээний шинэ аргуудыг нэвтрүүлж байгаа ажээ.
Нийслэлийн "Өргөө" амаржих газар нярайн
тархи хөргөөх эмчилгээг өнгөрсөн оноос хийж эхэлсэн байна. Одоогоор 100 гаруй хүүхдийг эмчилгээнд
хамруулж, хүчилтөрөгчийн дутагдлаас үүдсэн эмгэг, нас баралтаас
сэргийлж байна.
Тус амаржих газрын Нярайн тасгийн эрхлэгч, Нярайн тархи
хөргөөх эмчилгээний Үндэсний багийн ахлагч Б.Өлзийхишиг ярихдаа, "Тархи хөргөөх
эмчилгээ нь нярайд зонхилон тохиолддог хүчилтөрөгчийн дутагдал буюу тархины
даралтын стандарт эмчилгээ юм. Үүнийг цогцоор нь буюу тархины цахилгаан
бичлэгтэй цуг хийж байна. Нэг улиралд 100 гаруй хүүхдэд шинжилгээ
хийж, 16 хүүхдийг эндэхээс нь сэргийллээ. Энэ төрлийн эмгэгтэй хүүхдийн дийлэнх нь унаж татдаг болчихдог. Эмчилгээ нэвтрүүлэхээс өмнө тухайн хүүхдийн гар, хөл
чичирхийлж татсан үед л эмчилдэг байсан бол одоо таталтын голомт үүсэж байх үед нь илрүүлж
эмчилж байна" гэв.
АШУИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч, Нярайн скрининиг
шинжилгээний үндэсний багийн ахлагч Г.Эрдэнэтуяа ярихдаа, "Нярайн скринингийн
цогц хөтөлбөр хэрэгжүүлэхдээ оюуны хомсдол, бие бялдрын хөгжлийн
хоцрогдол зэрэг зургаан төрлийн эмгэгийг илрүүлэх юм. Одоогоор үндэсний сургагч
багш, нярайн эмч мэргэжилтнүүдээ сургаж, иргэдэд мэдээлэл өгөх
зэргээр бэлтгэж байна. Цаашид орон нутаг, нийслэлийн хэмжээнд шинжилгээг хийнэ. АШУҮИС, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр Ховд, Дорнод, Өвөрхангай
зэрэг 5 аймгийн оношилгооны төвийг түшиглэн нярайн скрининг оношилгооны төв
байгуулсан. Тус төвүүд өнгөрсөн онд зургаан мянган нярайд 5 төрлийн скрининг
хийж, дотоод шүүрлийн эмгэгтэй зургаан нярайг эмчилсэн. Ийнхүү цогц хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дээрх тоог 60 мянгад хүргэх боломжтой. Скрининг шинжилгээ маш үр дүнтэй. Энэ оношилгоог хүртээмжтэй
хийснээр хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх боломжтой" хэмээлээ.
Эрт илрүүлэг буюу скрининг шинжилгээ гэдэг нь шинж тэмдэг илрэхээс нь өмнө эмгэгийг илрүүлэх зорилгоор хийж буй шинжилгээг хэлдэг байна.
Нярайн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын тулд нярайн эмч, сувилагчийн нийгэм, ажлын нөхцөлийг бодлогоор дэмжиж, хүний нөөцийг үе шаттай бэлтгэх, тасралтгүй суралцах боломжоор хангах гэхчлэн цогцоор нь шийдэх хэрэгтэйг Дэлхийн эрүүл мэндийн өдөрт зориулсан “Эрүүл эхлэл, илтгэлтэй ирээдүй эрүүл Монголын төлөө эх, нярайн эрүүл мэндийг дэмжих нь” хурлын үеэр эмч, судлаачид тодотгов.
Ташрамд дурдахад, Монгол Улс эх, нярайн эрүүл мэндийн чиглэлд томоохон ахиц дэвшил гаргаж байна. Тухайлбал, 2000 оноос хойш эхийн эндэгдэл 6, нялхсын эндэгдэл 2.5 дахин багасжээ. Өнгөрсөн онд гэхэд нярайн эндэгдэл 1000 амьд төрөлт тутам 7.7 байв. Энэ үзүүлэлтийг 2028 он гэхэд 5.5 болгож багасгахыг зорьж байна.