УВС: Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөг босгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-04-18 13:48:31

Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэлийн хөшөөг шинээр барьсан “Ойрад” театрын гадна талбайд босгохоор боллоо.


Тэрээр 1956 оноос хойш УАДБЧ-д тасралтгүй 40 гаруй жил ажиллахдаа монгол ардын болон монголын хөгжмийн зохиолчдын олон арван дууг амилуулжээ. Г.Түмэндэмбэрэлийн намба төрх, уран нугалаа, дуулах ур дүй, өнгө аяс, aйзам хэмнэл зэрэг нь дахин давтагдашгүй гайхалтай бөгөөд жинхэнэ төрмөл авьяастай нэгэн байжээ.


Түүний дуулсан "Хөх торгон дээл", "Хувиршгүй сэтгэл", "Бүсгүй хүний заяа", "Хүрэн хаалгатай дэлгүүр", "Торгоны хээ", "Будар будрын чулуу", "Туулын урсгал шөнөдөө сайхан", "Дуу минь", "Бүүвэйл хорвоо", "Усны тунгалаг Тамирын гол" зэрэг дуу нь өдгөө ч ард түмний сонсох дуртай дуу хэвээр байна.


Мөн тэрбээр АИХ-ын депутатаар удаа дараа сонгогдсоноос гадна Вьетнам, Лаос улсын төрийн дээд шагнал хүртэж байжээ.

Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл нь Увс аймгийн Өндөрхангай суманд төрж өссөн.

 

相关新闻