С.Төртогтох: Бүрэн хараагүй хүний хамгийн сайн хийж чадах ажил бол бариа засал юм
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Хараагүйчүүдийн холбооны тэргүүлэгч, бариа засалч С.Төртогтохтой цөөн хором ярилцлаа. Тэрээр 13 жилийн турш бариа засалчаар ажиллаж, ард олондоо хэдүйн танигджээ.
-Сайн байна уу? Олны хөлд дараатай л сууна уу? Хэдэн
төрлийн бариа засал хийж байна вэ?
-Сайн, сайн байна уу? Энэ зун аймгийн 100 жилийн ой болсон болохоор хөл хөдөлгөөн ихтэй, өглөөнөөс орой хүртэл ачаалалтай ажилласан. Бүтэн бие болон хэсэгчилсэн бариа, цэг, судас хөөсөн бариа хийдэг. Үнийн хувьд ч боломжийн шүү дээ. Нэг удаагийн бариа 30-40 минут үргэжилдэг. Тухайн хүн ер нь 3-5 удаа бүтэн биеийн бариа хийлгэхэд ядаргаа тайлагдаж, бие амардаг. Миний үйлчлүүлэгчдийн ихэнх нь “Чиний гарт дасжээ” гээд эргэж ирдэг.
-Харааны бэрхшээлтэй иргэд бариа заслын үйлчилгээ үзүүлэх нь түгээмэл болж байна. Таны хувьд бариа засал хийгээд 10 гаруй жил болсон гэхээр тухайн үед бол энэ ойлголт шинэ байсан байх. Бариа засал хийж болох юм байна гэдэг санааг хаанаас олов? Өөрийнхөө тухай сонирхуулаач?
-Би Увс аймгийн Малчин суманд төрж өссөн, малчин айлын ууган хүүхэд. 15 жилийн өмнө аав минь бурхан болоод удаагүй байхад миний нүд гэнэт л харахаа больсон. Нүдний даралт харваж, бүрэн сохорсон гэдгээ сонсох мэдээж хэцүү байсан. Ээж маань нэг удаа аймгийн төв ороод ирэхдээ Хараагүйчүүдийн холбоо гэж байдаг, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг талаар авга ахаас олж мэдэж л дээ. Тэгээд намайг дагуулж Увс аймгийн Хараагүйчүүдийн холбооны тэргүүн Х.Болдбаатарыг олж уулзуулснаар амьдрах урам зориг орсон. Түүнээс хойш тун удалгүй Улаанбаатарт Хараагүйчүүдийн УАШ олон төрөлт тэмцээнд оролцож, над шиг хүн олон байдаг юм байна, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгосон л доо. Шинээр төрсөн юм шиг л болж билээ. Дараа жил нь буюу 2013 онд дахин нийслэлийг зорьж, бариа заслын 6 сарын дамжаанд суралцаж амжилттай төгссөн. Нутагтаа ирээд “Онош” хувийн эмнэлэгт бариа засалчаар ажиллаж эхэлсэн дээ. Тэндээ хоёр жил ажиллаад эмчилгээний бариа заслын чиглэлээр дахин нэг жил суралцаж төгсөөд “Уянга” төвд нэг өрөө түрээслэж, хувиараа ажиллаж үзсэн. 2016 онд аймгийн ХХҮГ-ын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөгжлийн төв байгуулагдсанаар надад нэг өрөө гаргаж өгсөн юм. Тэр өрөөндөө өнөөдрийг хүртэл бариа заслын үйлчилгээг үзүүлж байна. Энэ байрны тог, халаалт, цэвэрлэгээ үйлчилгээг ХХҮГ-аас хариуцдаг болохоор надад их дэмтэй байдаг.
-Харааны бэрхшээлтэй хүмүүсийн бусад мэдрэхүй илүү
хөгждөг гэдэг шүү дээ. Энэ нь нэг талаар давуу тал болж, бариа засал хийхэд
дөхөм байдаг уу?
-Бүрэн хараагүй хүний хамгийн сайн хийж чадах ажил бол бариа засал гэж хэлж болно. Арван хуруугаараа тухайн хүнээ мэдэрч, судас, гар, хөлийг нь барьдагаараа ихээхэн онцлогтой. Миний хувьд анх шантардаг байсан ч, даван туулсан. Одоо бол бүх зүйл гарт орчихсон, өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй ч болсон байна. Намайг зориод ирсэн хүнд чин сэтгэлээсээ сайхан үйлчлээд гаргахаар амнаас ам дамжаад дараагийн үйлчүүлэгч хүрээд ирдэг. “Бэст массаж төв”-өөс 21 аймгийн шилдэг бариа засалчдыг жил бүр шалгаруулдаг юм. Ноднин жил “Оны шилдэг бариа засалч”-аар шалгарсан.
-Ам бүл хэдүүл вэ?
-Эхнэр, гурван охины хамт амьдардаг. Гэр бүлийн хүн маань
мөн харааны бэрхшээлтэй. Гэхдээ 70 хувьтай буюу өдөр, оройн цагаар хардаг. Бид
гэр бүл болоод арваад жил болж байна. Том охин маань харааны шил зүүдэг, нөгөө
хоёр нь харааны ямар нэгэн асуудалгүй. Бусдыг жишгээр сайхан л амьдарч, гэр
бүлийнхээ төлөө зүтгэж явна. Цагаан таягаа бариад явахад энгийн хүнээс дутахааргүй,
Улаангом дотроо хаа л бол хаана алхаад хүрчихдэг шүү дээ. Увсынхаа ард
түмний эрүүл энхийн төлөө өөрийн чадах бүхнээ хийж яваадаа сэтгэлд өег суудаг
даа.
-Ярилцсанд баярлалаа.