БАЯНХОНГОР: "Агин" өндөгний үйлдвэр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-04-16 15:57:37
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт суманд үйл ажиллагаа явуулдаг "Агин" өндөгний үйлдвэр хоёр жилийн дотор 2500 тахиаг 5 дахин нэмэгдүүлж, бүрэн автомат бүхий техник технологитой хоёр аж ахуйн байртай болжээ.

Мэргэжлийн лабораторид улирал тутам бүтээгдэхүүнийхээ дээжийг шинжлүүлдэг, амт чанар сайтай "Агин" өндөгний үйлдвэр 2010 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй.

Тус үйлдвэр байрны өргөтгөлдөө 900 шахам сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдан 215 сая төгрөгийг нь санхүүжүүлсэн байна. Агаарын сэлгэлт, чийгшүүлэлт зэрэг үйлдэл ч бүрэн автомат болсон бөгөөд өндөгний гарц, хэмжээ хэлбэлзэлгүйгээр илүү үр ашигтай ажиллаж байгаа юм.

Орон нутгийнхаа өндөгний хэрэгцээг бүрэн хангахуйц хүчин чадалтай болсон тус үйлдвэр нь одоогийн байдлаар 12 мянга гаруй өндөглөгч тахиатай, өдөрт 10-11 мянган ширхэг өндгийг Баянхонгор сум болон Өвөрхангай аймгийн зарим суманд түгээж байна.
相关新闻