ЗАВХАН: Аймгийн Онцгой комиссоос эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулах хүсэлт хүргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын орлогч дарга, Онцгой
байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын
баг Завхан аймагт ажиллаж байна.
Ажлын баг Завхан аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал болоод цаг үеийн асуудлаарх мэдээлэлтэй танилцлаа.
Завхан аймгийн
хэмжээнд 24 сумын 116 багийн 10 мянган малчин өрхийн 3.008.248 толгой мал
хаваржиж байгаа бөгөөд төллөвөл зохих 1.165.443 толгой хээлтэгчээс 372.299 мал
төллөсөн нь өмнөх жилүүдийнхээс төл бойжилт сайн байна.
Их-Уул,
Тосонцэнгэл, Отгон, Тэс, Алдархаан сумын 35 өрхийн 16.6 мянган толгой мал
Булган, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Хэнтий, Орхон, Увс, Говьсүмбэр,
Сэлэнгэ, Төв зэрэг нийт 11 аймагт отроор хаваржиж байна.
Аймгийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар 5652 толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд малын сэг зэмийг цуглуулж устгах, орчны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг энэ сарын 20-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөсөн тухайгаа ажлын багт танилцууллаа.
Аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, 2025 онд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, аймгийн болоод сумдын төсөвт зохих зардлуудыг тусгасан. Энэ хүрээнд Улиастай суманд гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах юм. Он гарсаар аймгийн хэмжээнд 27 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг Завхан аймгийн Онцгой комиссоос дуулгалаа.
Хошууч генерал
Г.Ариунбуян, “Улирлын
онцлог, аймаг, орны нөхцөл байдалтай холбогдуулан урьдчилан сэргийлэх арга
хэмжээг зохион байгуулах. Үүсэж
болох эрсдэлийг тооцож бүх шатанд бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах сургалт,
дадлагыг эрчимжүүлж, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг оновчтой,
хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй” гэлээ.
Завхан аймаг нь өнөөдрийн байдлаар малын хорогдлоор хамгийн бага гурван аймгийн нэг байна.
Энэ сарын 17-ны өдрийн байдлаар малын гоц халдварт өвчин гараагүй, аюулт үзэгдэл, ослын дуудлага өнгөрсөн оны мөн үеийнхээс 45 хувиар буурсан. Хүний халдварт өвчлөл улаанбурхан, менингококкийн халдвар илрээгүй байна.
Аймгийн Онцгой комиссоос Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын хэтийн болон ойрын стратеги төлөвлөгөөнд тусгуулахаар, Улиастай суман дахь Эрэн хайх, аврах бүлгийг салбар болгон өргөжүүлэх.
Тосонцэнгэл суман дахь гал унтраах 39-р ангийн зэрэглэлийг ахиулах, тус ангийн галын депогийн барилгын төсвийг 2026 оны төсөвт суулгах. Сонгино сум дахь эрэн хайх, аврах бүлгийг гуравдугаар зэрэглэлийн гал түймэр унтраах, аврах анги болгон өргөжүүлэх. Их-Уул суманд эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулах.
Аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийг цацрагийн хяналтын багаж, усны бохирдол тодорхойлогч явуулын багажтай болгох. Улиастай сумын Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн бага оврын автомашин, аймгийн ОБГ, Тосонцэнгэл, Тэс суман дахь гал унтраах, аврах ангиудын зарим авто машиныг нөхөн хангалтаар шийдвэрлэх зэрэг санал хүсэлтийг гаргаж, дээд шатны байгууллагуудад уламжлахыг хүслээ гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын дарга, хурандаа Б.Үнэнбаатар, Санхүү ар талын газрын дарга, хурандаа Г.Мөнхдорж нар Завхан аймагт ажиллаж байна.