ЗАВХАН: Сургууль бүрийг охидын ариун цэврийн булантай болохыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Боловсролын ерөнхий газраас Завхан аймгийн ерөнхий боловсролын 15 дотуур
байранд охидын эрүүл мэндийн багц хэрэглэгдэхүүн, ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг
өгчээ.
“Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байна. Энэ үйл ажиллагаанд 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 245 дотуур байр хамрагджээ.
Нийслэл хотод
болсон нөлөөллийн үйл ажиллагааны үеэр Завхан аймгийн 15 дотуур байр
охидын эрүүл мэндийн багц хэрэглэгдэхүүн, ус цэвэршүүлэгчийг хүлээн авчээ.
Нөлөөллийн ажил нь өсвөр насны охидын бие,
сэтгэл зүйн онцлогийн тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж тэдний өмнө тулгамддаг
асуудлыг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлэх. Ариун цэврийн хэрэглэлийн соёлтой, боловсон
хэрэглээг бий болгох, хүртээмжийг
нэмэгдүүлэх зорилготой юм.
Багц хэрэглэгдэхүүнийг хүлээн авсан дотуур байрууд нь цаашид охидын эрүүл ахуйн шаардлага хангасан өрөөтэй болох, эрүүл мэндийн багц хэрэглэгдэхүүнийг улам баяжуулан сайжруулахад анхаарч ажиллах юм.
Мөн сургууль
болон дотуур байрны орчноор дамжуулан өсвөр насны охидод сарын тэмдгийн үед
ариун цэврийн хэрэглэлийг зөв хэрэглэж сурах, сарын тэмдгийн үед тохиолдох
бэрхшээлүүдийг даван туулах. Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйг сахиснаар эрсдэлээс өөрийгөө хамгаалах,
мэдээлэл хүргэх, бие биедээ туслах талаар мэдлэг, хандлагыг төлөвшүүлэн
хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
Тиймээс
сургууль бүр, дотуур байр бүрд охидод тусалдаг, тэднийг дэмждэг охидын ариун цэврийн буланг заавал бий болгон ажиллахыг уриалж байна
гэж Завхан аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас мэдээлэв.