Зам тээврийн салбарт ажиллах боловсон хүчин хэрэгцээтэй байгааг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-21 10:32:23

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол, Орос улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэнэ.


Энэ талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Эрхүү xотын Зам харилцааны их сургуулийн Ректор Трофимов Юрий Анатольевичыг хүлээн авч уулзах үеэрээ дурдав. Уулзалтын үеэр тэрбээр, хоёр улсын олон жилийн түүхт найрамдалт харилцаа зам, тээврийн салбарт чухал байр суурийг эзэлдэг. Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол хурдасгуур зорилтын нэг бол зам тээврийн салбарт хийх бүтээн байгуулалтын ажлууд юм. Дэд бүтэц, зам тээврийн салбарт шинээр хэрэгжүүлэх томоохон төслүүдэд ажиллах боловсон хүчин нэн хэрэгцээтэй байгаа талаар дурдсан юм. 


Эрхүү xотын Зам харилцааны их сургуулийн Ректор Трофимов Юрий Анатольевич хэлэхдээ, Дорнод Сибирь, алс Дорнодын нутаг дэвсгэртээ тэрүүлэгч ууган сургуулиудын нэг бөгөөд орчин үеийн шинэ хэрэгцээтэй чиглэлээр мэргэжлийн ангиудыг шинээр нээж байгаагийн зэрэгцээ өмнө нь бэлтгэж байсан мэргэжлийн чиглэлээрээ сурган хүмүүжүүлэх тогтолцоог улам боловсронгуй болгож байгааг онцоллоо.


Хамтын ажиллагааны хүрээнд зам тээврийн салбарт хийх  бүтээн байгуулалтын ажлуудад гар бие оролцох инженер, техникийн ажилтан, мэргэшсэн ажилчдыг тус сургуульд бэлтгэх, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамруулах талаар санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцов.  

 

相关新闻