Н.Номтойбаяр: Ахмадын хишигт 20.6 тэрбум төгрөг төсөвлөсөн

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-01 14:51:18

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр Засгийн газрын 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулав.

ХНХЯ-наас Ахмад настанд жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байхаар Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Энэхүү хуулийн төсөл батлагдвал 121.0 орчим мянган ахмад настан жилд хоёр удаа 50-250 мянган төгрөгийн тэтгэмж авах боломж бүрдэнэ. Насны хишгийн зардалд зориулан 2017 оны төсвийн төсөлд 20.5 тэрбум төгрөгийг тусгасан хэмээн сайд мэдээллийнхээ эхэнд дурьдав.

Тэрбээр, “Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах хуулийн төслийг УИХ-д  өргөн барьсан. Энэхүү хуулийн төслийг батлуулснаар ажил амралтын горимгүй, байгалийн хатуу ширүүн нөхцөлд цаг наргүй хөдөлмөрлөдөг 269.5 мянган малчдын  нийгмийн баталгаа хангагдаж орлоготой болох юм. Хуулийг 2019 оноос хэрэгжүүлж эхлэхэд 20.6 мянган малчны тэтгэвэрт 96,2 тэрбум төгрөг зарцуулна.

Эдийн засгийн хямралаас үүдэн аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй байна. Одоогоор  аж ахуйн нэгжүүд 116 тэрбум төгрөгийн өртэй байна. Харин шимтгэлийн өртэй 373 аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрөө тодорхой хуваарийн дагуу төлүүлэх болж, дансыг нь нээсэн. Засгийн газрын хуралдаанд Ээж нарт тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцүүлсэн. Үүнийг УИХ батлавал "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжиж, 3 хүртэл насны хүүхэдтэй эхэд сар бүр 50 мянган төгрөг, 3 ба түүнээс дээш тооны хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-эд улирал тутам 240.0 мянган төгрөг олгодог болно.

Өнгөрсөн хугацаанд 27 мянга 400 орчим залуустай уулзаж, Залуучуудын хөгжлийн тухай хууль боловсруулсан. Ирэх 7 хоногт Засгийн газарт танилцуулна. Монголын хүн амын 70 хувийг бүрдүүлдэг залуучууд санхүүгийн асуудлаас гадна сэтгэлгээний ядууралд орсон байна.  Энэ бол үндэсний хэмжээний томоохон асуудал. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх Залуучуудын хөгжлийн хуулийг хувь хүний хөгжил, залуучуудын боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, чөлөөт цаг гэсэн 5 хэсгээр боловсруулсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэхэд боломжийг бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрхзүйн орчинг шинэчлэх, чиглэлээр олон ажлыг эхлүүлсэн” хэмээв.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авав.

-Хүүхэд харах үйлчилгээний хэрэгжих хугацааг хойшлуулсан нь эсэргүүцэлтэй тулгараад байна. Энэ үйлчилгээг шууд хэрэгжүүлэх боломжгүй юм уу?

-Манай яам энэ үйлчилгээг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаа. Гэхдээ хүүхэд харах үйлчилгээний газруудад тавих хяналтаа сайжруулах хэрэгтэй. Миний бие 12 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт ажилласан. Энэ хүрээнд Хүүхэд харах үйлчилгээ үзүүлж байгаа зарим төвүүдтэй танилцсан. Стандартын шаардлага хангаж байгаа үйлчилгээний газар байхад хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах боломжгүй газрууд ч байна. Олон нохой тэжээдэг газрын хажууд хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг, байршил нь 4 замын уулзварын дэргэд, хүнсний аюулгүй байдал, ариун цэврийн стандарт алдагдсан гэх мэт. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудтай холбоотой асуудал ярьж байхад эсэргүүцэл, жагсаал, цуглааны сургаар шийдвэрээ өөрчлөөд байж болохгүй. Одоо хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт тун удахгүй гарна. Хүүхэд харах үйлчилгээний хүрээнд 1392 хүн ажилтай болж 6700 хүүхэд хамрагдсан.

Хүүхэд харах үйлчилгээнд тулгамдаад байгаа нэг асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд. Өөрөөр хэлбэл, хуулинд насны хязгаар заагаагүй. Хоёр настай хүүхэдтэй хамт 16 настай хөгжлийн бэрхшээлтэй залуу хамт сурч байх жишээтэй. Хүүхэд харах үйлчилгээний стандарт, эрх олгох бүхий л үйл ажиллагааг хуучин нэрээр ХАХНХЯ зохион байгуулсан. Үүнд БСШУСЯ огт оролцоогүй. Сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-ын тухай хуульд хувилбарт буюу төрийн, хувийн  гэх мэт маш олон цэцэрлэгийн үйл ажиллагааг зохицуулдаг. Гэтэл хүүхэд харах үйлчилгээ хувилбарт цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд тэнцдэггүй. Тиймээс СӨБ-ын хуульд нийцүүлэх хэрэгтэй. Энэ бүхнийг одоо шийдвэрлэхгүй бол цаашдаа асуудал бүр их нэмэгдэнэ.

-МАН цөөнх байх үед ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг шаарддаг байсан. Одоо энэ чиглэлээр ямар ажил хийх вэ?

-Зээлийн хүүг бууруулах боломжтой. Энэ оны 8 дугаар сард Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зээлийн хүүг бууруулах чиглэлээр судалгаа явуулах үүрэг өгсөн. Манай яамнаас энэ чиглэлээр ажлын хэсэг гарч ажилласан. Төрийн банк надад 6 хувийн хүү санал болгосон. Энэ маш өндөр хүү. Тиймээс энэ хүүг буулгах шаардлага тавьсан. Бусад арилжааны банкууд албан бусаар 3 хувийн хүүг санал болгосон. Хэрэв Төрийн банк хүүгээ буулгахгүй бол хамгийн бага хүү санал болгосон банктай хамтран ажиллана. Иргэд цалин, тэтгэврээ ихэвчлэн Төрийн болон Хаан банкаар үйлчлүүлдэг. Тухайн банкнаасаа зээл авдаг. Энэ нь шударга өрсөлдөөний зарчмыг хангаж чадахгүй байгаа учраас хувь хүмүүс зээл авах банкаа өөрсдөө сонгодог болох чиглэлээр ярьж байгаа. Ингэснээр банкуудын өрсөлдөөн, үйлчилгээ сайжирч, хүүгээ бууруулах боломж бүрдэнэ.

-Ирэх оны төсөв дээр нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээр тусгасан гэсэн. Энэ үнэн үү?

-Үгүй.

-НХХЯ төсөв мөнгө л ярьж байна. Гэтэл амиа хорлолтоос эхлээд танай яамнаас анхаарах гол ажлууд орхигдож байна. Яамны зүгээс нийгмийн сэтгэл зүйг хамгаалах чиглэлд ямар ажил хийх вэ?

-Манай яам хүүхэд эхийн хэвлийн бий болохоос эхлээд нас барах хүртэлх эдийн засаг, нийгмийн харилцааг зохицуулдаг. Тиймээс хувь хүний төлөвшил зөв байлгах чиглэлээр олон ажил хийж байгаа. НҮБ, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагуудтай хамтран хувь хүнд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа. Одоо бүх төсөл, хөтөлбөрүүдэд шалгалт хийж байна.

-Нийгмийн даатгалын сангийн мөнгийг эргэлтэд оруулах талаар ямар бодлого баримтлах вэ?

-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл болох 577 тэрбум төгрөг 11.8 хувийн хүүтэй хадгалагдаж байсныг энэ оны 5 дугаар сарын 17-нд 9 хувь болгож бууруулсан. Ингэснээр бид 17 орчим тэрбум төгрөг алдаж байна. Мөн харилцах хэлбэр буюу 4 хувийн хүүтэй багагүй мөнгө явж байгаа. Тиймээс эхний ээлжинд харилцах хэлбэрт байгаа 80 тэрбум төгрөгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарсан. Ингэснээр дунджаар 15 хувийн хүү авах болж байгаа юм. Зарим орнууд нийгмийн даатгалын сангийн мөнгөө хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр зарцуулдаг. Гэхдээ энэ тогтолцоог манай улсад нэвтрүүлэхэд асуудал үүсч мэднэ. Өөрөөр хэлбэл, ирээдүйд шударга байж чадахгүй хүн энэ салбарын сайдаар томилогдвол нийгмийн даатгалын сангийн мөнгөөр тоглож дуусна. Эхлээд улс төрчид хөгжих хэрэгтэй.

-Өсвөр насныхан хар тамхины хэрэгт холбогдох нь нэмэгдэж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Энэ чиглэлд ямар ажил хийх вэ?

-Залуучуудын хөгжлийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр энэ асуудал хөндөгдсөн. Мөн залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-уудтай ч уулзсан. Энэ үеэр хар тамхины хэрэглээ, бэлгийн замын халдварт өвчний асуудал ноцтой хэмжээнд хүрсэн талаар мэдээлэл ирсэн.Тиймээс цагдаагийн байгууллагатай хамтарч, энэ асуудлыг шийдвэрлэх боломжийг судална.

-МСҮТ-ийн оюутны 70 мянган төгрөгийг олгох боломжгүй юм уу?

-МСҮТ-ийн оюутнуудын 70 мянган төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог. Энэ сангийн мөнгийг гаднаас ажиллах хүч авсан төлбөрөөс санхүүжүүлдэг. Гаднаас авсан нэг ажилтнаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нугалсантай тэнцэх хураамж авдаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан дотоодын хөдөлмөрийн зах зээл, ажлын байрыг хамгаалах чиглэлээр хөрөнгө оруулалт хийдэг. Тиймээс хөрөнгө оруулалтын мөнгөнөөс халамж олгох боломжгүй. МСҮТ-ийн оюутнууд боловсролын зээлийн сангаас төлбөр зээлэх боломжгүй байгаа. Тиймээс бид зээл авах боломжийг бүрдүүлнэ.

-Гадаад ажиллах хүч гаргах асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Иргэд гадаадад хууль бусаар ажиллаж, эрүүл мэндээрээ хохирч ирээд халамж авдаг. Үүнийг шийдвэрлэх хэрэгтэй. Тухайлбал, Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэл. Түншлэлийн хүрээнд манай мэргэжилтэн Японд ажиллаж, дадлагажаад эх орондоо ирж ажиллах боломж бүрдэнэ. Цаашдаа БНСУ, Чех, Франц зэрэг оронтой хамтран ажиллахаар судалж байгаа.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻