Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛЖил бүрийн 5, 12 дугаар сард шилдэг оюутанд олгодог Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчдийн материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүлээн авч эхэллээ.
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгодог.
Тэтгэлгийг голч дүн хичээлийн жилийн 4 улирал дараалан 3.6-аас доошгүй, нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулж, олон нийтэд мэдээлэгдсэн, суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээрээ олон улсын болон үндэсний хэмжээнд судалгаа хийж үнэлүүлсэн, шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн, уламжлалт ёс заншил, угийн бичиг хөтлөх болон бусад үйл хэргийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн дадлагажуулж бусдад үлгэрлэсэн гэх зэрэг шалгуурыг 50-иас дээш хувьтай хангасан суралцагчид олгодог.
Нэрэмжит тэтгэлэг авсан оюутан өмнөхөөс өөр шалгуураар тэтгэлгийн болзол хангасан бол дахин нэг удаа нэр дэвших эрхтэй. Олон улсын хэмжээний спорт, урлагийн арга хэмжээнд амжилттай оролцож, холбогдох журмын дагуу Засгийн газраас мөнгөн шагнал авсан суралцагчид Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг давхардуулан олгохгүй нь.
Тэтгэлэгт хамрагдсан суралцагчийн талаарх мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын вэб сайтад байршуулах аж.
Б.Туул