“Улаанбаатар төмөр зам”-ын үйл ажиллагаанд хоёр улсын хамтарсан аудит хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-07 14:43:47

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны үр дүн, нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, үр ашиг” сэдэвт аудитыг Монгол Улсын Төрийн аудитын байгууллага, ОХУ-ын Тооцооны танхимтай хамтран хийжээ.


Энэхүү аудитаар тус нийгэмлэгийн 2021-2023 оны үйл ажиллагаа түүний үр дүн, менежмент, хөрөнгө оруулалтын үр ашиг, гүйцэтгэл зэргийг цогцоор нь үнэлэх зорилготой аж. Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг ЗХУ болон БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн дагуу үүсгэн байгуулсан бөгөөд хоёр улсын 50/50 хувийн хөрөнгө оруулалттай, олон улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулсан аж ахуйн нэгж юм.


Тус нийгэмлэг ОХУ-ын хөрөнгө оруулалттай төрийн өмчийн аж ахуйн нэгжийн хувьд  тус улсын Тооцооны танхим үйл ажиллагаанд нь хяналт хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг байна. Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нийгэмлэгийн үйл ажиллагаанд сүүлийн 10 жилд аудит хяналтыг хийгээгүй байжээ. Тиймээс олон улсын хамтарсан хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн нь хоёр талт түншлэлд ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхэд чухал алхам болсныг талууд онцоллоо.


Аудитын үр дүнд хоёр улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл, хамтарсан менежментийн бүтэц, хариуцлагын зохицуулалт, үйл ажиллагааны үр дүнд дүгнэлт өгч, зөвлөмжүүдийг боловсруулсан байна. Цаашид энэ төрлийн хамтарсан аудитын туршлага нь төрийн өмчит болон стратегийн ач холбогдол бүхий хамтарсан байгууллагуудад тавих хяналтыг улам бүр чангатгах, бодлогын үр нөлөөг үнэлэх чухал арга хэрэгсэл болж хөгжих үр дүнтэйг онцоллоо.






相关新闻