Органик бүтээгдэхүүний “Хуба Хаяа” чацарганы үйлдвэр нээлтээ хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ"Хаан жимсийг охь болгон дээжлэв" уриатай “Хуба Хаяа" чацарганы үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтэнд УИХ-ын гишүүд, элчин сайдууд, урлаг спортын алдартнууд, бизнесийн байгууллагын төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс оролцов. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэ үеэр хэлсэн үгэндээ, "Монголчууд бид дотооддоо бүтээсэн экологийн цэвэр, чанартай бүтээгдэхүүнүүдийг дэлхийд гаргах ёстой юм. Үүний эхлэл болгож “Хуба хаяа” чацарганы үйлдвэр маань эхний бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлж байгааг дуулгахад таатай байна. “Хуба хаяа” бүтээгдэхүүн бол цэвэр органик бүтээгдэхүүн. Тиймээс ч олон хүний олон жилийн хүч хөдөлмөрийн үр шимээр бүтээгдэхүүн маань бий болж, та бүхний гар дээр очиж байна" гэлээ.
Чацаргана жимс жимсгэнэ боловсруулах уг үйлдвэр нь ХБНГУ-ын НИГ компанийн инженеринг зураг төслийн дагуу хийгдсэн евро стандартын шаардлагыг бүрэн хангасан аж. Тус үйлдвэр нь чацарганы охийг шингээсэн хоол боловсруулалтыг сайжруулж, залуужуулах болон ядаргаа тайлж хүч тамир нэмэгдүүлэх, дархлаа сайжруулах, өөхний хуримтлалыг багасгаж арьс, үс, хумсыг өнгөлөг болгон, хуримтлагдсан бодисыг саармагжуулах үйлчилгээтэй 100 мл-ын савлагаатай "Хуба хаяа" бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэллээ.
Эх орны хөрсөнд ургасан чацаргана жимс нь Е витамины агуулгаар улаан буудайн соёолжоос илүү А витамины агуулгаар улаан луувангаас 3 дахин илүү, супероксид дисмутацын агуулгаар хүн орхоодойноос 4 дахин илүү аж. Нөгөө талаас чацарганы тос нь Омего 3.6.7.9 агуулдаг ургамлын цорын ганц эх үүсвэр бөгөөд чацарганы үрийн болон жимсний тос нь каратоноид токоферолоор баялаг юм. Түүнчлэн антиоксидантууд болох фенол, глюкозид А.С.Е витамин, бетакаротин стеролийг их хэмжээгээр агуулдаг.
Түүнчлэн "Хаан жимс" амралтын газар байрлах газар нутаг нь эзэн Чингис хааны өвөлжөө байсан гэдэг утгаар нь шинэ бүтээгдэхүүнээ "Хуба Хаяа" хэмээн нэрийдсэн хэмээн компанийн удирдлагууд тайлбарлаж байв.
Б.Туул