"Ялалтын вальс" өдөрлөгөөр Аугаа эх орны дайны ялалтын түүхт өдрийг өртөөчлөн харуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-11 12:50:40

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Ялалтын вальс” өдөрлөгийг Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухааны соёлын төв /РЦНК/-өөс өчигдөр зохион байгуулав.


Энэхүү өдөрлөгөөр Аугаа эх орны дайны ялалтын түүхэн үйл явдал, баяр хөөртэй мөчийг хуваалцах, дайны баатруудаа дурсан санах зорилготой олон төрлийн үйл ажиллагааг өртөөчилсөн байдлаар зохион байгуулав. Тухайлбал, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид “Ялалтын тавдугаар сарын аялгуу”-г тоглож байхад зэргэлдээх өртөөнүүдэд задгай талбайн кино театрт эх орны дайны сэдэвтэй кино үзэх, тухайн цаг үед явж байсан машин болон цэргүүдийн хээрийн хоолыг амсаж үзэх боломжтой байлаа.




ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, РЦНК-Оросын шинжлэх ухааны соёлын төвийн захирал Валерия Валерьевна Кильпякова ярихдаа, "Юуны түрүүнд, монголчууддаа Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монгол Улс 1945  оноос хойш эхэлсэн дайнд дөрвөн жилийн хугацаанд Зөвлөлтийн дайчдад тусламжийн гараа сунгаж байсан. Тухайн үед хүмүүс ялалт байгуулснаа мэдээд дуулж, бүжиглэн, салют буудуулж баяраа тэмдэглэж байсан. Яг тэр мэдрэмжийг ирсэн зочиддоо мэдрүүлэхийг эрмэлзсэн. Энэ өдөрлөгт Буриад Улсын театрын “Воля” хамтлаг хүрэлцэн ирж тоглолтоо хийж байна. Мөн Про театрынхан мини жүжиг тавина. Өөр  нэгэн чухал үйл ажиллагаа бол тэр үед тулалдаж байсан Оросын элэг нэгтнүүд болон Москва, Санкпетербург, Киев зэрэг хотод суралцаж байхдаа энэ дайнд оролцсон монгол дайчдад зориулсан “Журавли /тогоруу/” нэртэй хөшөөг нээнэ. Мөн амь насаа зольж энх тайвныг тогтоосон ахмад дайчдад зориулсан дурсгалын галыг асаана” гэв.


Эл өдөрлөгт орос, монгол олон хүн хүрэлцэн ирж, түүхэн үеийг санан дурсав. Цэргийн хувцастай эрс түүдэг галын дэргэд дуу дуулж, хүүхэд залуус талбайд вальс эргэнэ. Хүүхдүүдийн хувьд хуучны машин ихэд сонирхолтой байсан тул түүн дээр гарч зургаа авахуулсан хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Говьсүмбэр аймгаас Х.Чулуунбаатар энэхүү өдөрлөгийг зорин иржээ. Тэрбээр хэлэхдээ, “Олон хүн цугласан халуун дулаан, элгэмсэг сайхан өдөрлөг болж байна. Энд орос дуу сонсож, цэргийн хувцастай хүмүүсийг харахад залуу нас маань эрхгүй бодогдож байна. Манай аймагт 32 мянган цэрэгтэй оросын цэргийн дивиз байсан. Бага наснаасаа тэднийг харж, тэд ямар хүн бэ гэдгийг биеэрээ харсан болохоор тэр нандин чанарыг одоог хүртэл мартдаггүй. Орос-Монголын найрамдал гэдэг үнэхээр чухал. Энэ бол Монголын тусгаар тогтнолын баталгаа, үеийн үед санаж яваарай гэж залуусдаа хандаж хэлье” хэмээв.


 
















 



 

相关新闻