Манай өсвөрийн 10 бөх Японд медалийн эзэд болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОлимпийн 3, дэлхийн 13 удаагийн аварга, Япон улсын алдарт тамирчин С.Ёшидагийн нэрэмжит чөлөөт бөхийн “ICHISHI” /Ичиши/ клуб, “Женко” клубын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд манай баг тамирчид Япон орныг зорьжээ.
Чөлөөт бөхийн “Женко” клубын захирал С.Мөнхсүх, Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч С.Мөнхдуулдах нар удирдсан “Женко” клуб, Баянхонгор аймгийн 16 өсвөрийн бөх Цү хотноо япон, францын үе тэнгийн бөхчүүдтэй 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байгаа юм.
Манай өсвөрийн бөхчүүд домогт бөх С.Ёшидагийн нэрэмжит өсвөр үеийн олон улсын уламжлалт IҮ тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож 10 медаль хүртжээ. Тухайлбал, хөвгүүдийн 58 кг-д Э.Бямбадорж, охидын 45 кг-д Д.Отгонжаргал, 49 кг-д Б.Баярмаа нар алт, охидын +40 кг-д Э.Одзаяа, охидын 49 кг-д Т.Цээням, М.Мөнхгэрэл, 52 кг-д Ө.Пүрэвсүрэн, М.Пүрэвтунгалаг, 56 кг-д Б.Хонгорзул, +70 кг-д М.Мөнх-Амар нар хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Д.Өлзий